
Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтыг нээж хэлэхдээ цугларагсдыг зүгээр л ярилцахыг урьсан юм. Хэн нэг дарга мяндагтны албаны үгийг зүүрмэглэн сонсох бус, бүгдээрээ сэтгэл зүрхээ нээлцье гэсэн. Энэ ч ёсоор арав гаруй салбар хуралдаан дээр хэн хүссэн нь шүүхийн шинэтгэлийн сэдвээр хангалттай ярьсан нь энэ чуулганы онцлог байлаа. Цагдаа хүчгүйдсэнээ хүлээн зөвшөөрөв. Прокуроруудын боловсрол, мэдлэг нимгэн байгааг шүүмжлэв. Шүүгч нар өнгө үзэмжээр хэрэг шийдчихдэгийг нуусангүй. Өндөр боловсролтой өмгөөлөгчдийн өмнө сурсан мэдсэн дулимагаасаа болоод прокурорууд сөхөрдгөө хаацайлсангүй. Гэрч, хохирогчид өмгөөлөл хамгаалалгүй, айдас хүйдэстэй хоцордгийг ярьцгаав. Хилс ял хүлээгчдийн ар гэрийнхэн, хайртай дотнын хүнээ гэмтний гарт алдагсдын эцэг, эх нулимсаа дуслуулан сэтгэл доторхио уудлав. Хэрэг хийж “хар гэр”-т орсон хэдий ч хуягуудын харгислалаас эрэмдэг болсон хоригдлын ээж гомдол цөхрөлөө хэлэв. Гянданд суугчид тухалж, жирийн дэглэмтэй хүмүүжигчид зутруухан шар нар, бор хоногийг өнгөрөөдгийг холбогдох эрхмүүдэд дуулгав. Ерөнхийлөгч чуулганыг нээхдээ “Ярилцъя” гэж уриалсны үр дүн энэ байлаа. Хамгийн хаалттай, хамгийн хүнд сурталтай, жирийн хүний өмнө халдаж болшгүй хана хэрэм шиг санагддаг асан шүүх, цагдаагийнхан ч гэсэн адилхан зүрх сэтгэлтэй хүн. Үүнийг хоёр өдрийн чуулган харуулж чадлаа. Шүүхийг шинэтгэхэд нэг чухал алхам энэ болов.
Ерөнхийлөгч “Ажиллаж байх хугацаандаа шударга бай. Чи өнөөдөр цагдаагаар ажиллаж байгаа бол ажиллаж байхдаа шударга, ажлаа хуулийн дагуу сайн хий. Шүүгчээр ажиллаж байгаа бол хуулийн дагуу шүүгчээ сайн хий. Их хурлын гишүүн байгаа бол шударга ёсыг бий болгоход шаардлагатай тэр хуулийг гаргаж өгөх ажлыг л хий. Манай дарга нар гарч явчихаад дараа нь нийгэм шударга бус байгааг гайхдаг. Засаг дарга Засаг даргаасаа буучихаад “Хөөх, манай аймаг чинь ямар айхтар шударга биш байсан юм бэ” гээд гайхаад яваад байх юм. Их хурлын гишүүн байсан хүн Их хурлаасаа гарчихаад, Их хуралдаа дахиж сонгогдож чадахгүй болохоороо шударга бусыг гайхаж явдаг. “Дан дээлтэй гарсан юмсан” гэдэг шиг дээл нь дан болоод ирэхээр нийгэм шударга бус байна гэдгийг ойлгож эхэлж байна. Давхар дээлтэй байхдаа шударга ёсыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэний төлөө зүтгэх ёстой” гэж хэлсэнчлэн “дан дээлтэй” сууж байгаад хэлэлцсэн хоёр өдрийн чуулган иргэд, шүүх, цагдаагийнхны хооронд хөндөлсдөг “хана хэрэм”-ийг нураахад багагүй тус үзүүлсэн гэж хэлж болно. Хамгийн гол нь өнөөдөр шударга ёсыг, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг эрх мэдэлтэй нь биш, эрх мэдэлгүй нь илүү шаардаж байгааг Ерөнхийлөгч хэлсэн. “Нийгэм шударга биш байгаагаас шударга ёсыг хожиж байгаа хэсэг нь биш хохирч байгаа хэсэг нь илүү шаардаж байгаа. Ерөнхийдөө энэ урсгал хоёр талаасаа явж байна. Улс төрийн хүрээ, Их хурлын хүрээ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн хүрээлэлд байгаа улсууд бүгд нийгэмд шударга ёс хэрэгтэй байна гэдгийг ойлгож эхэлж байна. Нөгөө талаас, ард иргэдийн зүгээс энэ шаардлага явж байна. Энэ урсгал хоёр талаасаа явж байгаа учраас өнөөдрийн үндэсний чуулган болж байна” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байлаа.
Монголд уул уурхай, ашигт малтмалын салбар хөгжиж, мөнгөний их урсгал наашилсан. Гэтэл нийгэмд тавхан хувь нь их баян, наян хувь нь их ядуу байх юм бол тухайн нийгэмд сайн сайхан ирэхгүй. “Өнөөдөр цөөхөн баячуудаа ядуу олонхиосоо хамгаалах уу. Цөөхөн баячуудаасаа ядуу олонхио хамгаалах уу” гэсэн асуултыг Ерөнхийлөгч чуулганд оролцогсдод тавьсан юм. Түүнийхээ хариуг ч өөрөө хэлсэн. “Нийгмийн хөгжил тогтвортой, үр нөлөөтэй, сайн сайхан болж чадахгүй байгаад аль алиных нь санаа зовж байгаа. Энэ бүхнийг алга болгоод байгаа юмыг явж явж бариад үзсэн чинь хууль хяналтын байгууллагын ажил болохгүй байна, шударга ёс байхгүй дээр очиж байна. Тэр том хар цоорхой чинь энэ бүх баялгийг сорж алга болгож байна. Тэрний цаана хэн хожив гэхээр албан тушаалтай, мөнгөтэй, төгрөгтэй, тэрнийг соронз мэт тодорхой нөлөөгөөр татаж чаддаг, цөөхөн нөхдүүд хождог, бусад нь байнга төлөгчид байдаг. Бусад нь байнга хохирогчид байдаг. Өнөөдөр бид энд,Төрийн ордны Их танхимд цуглаад нийтийн тухай ярих гэж байна.Монголын ард түмний наян хувийн тухай, ерэн хувийн тухай ярих гэж байна, тэр хүмүүсийн эрх ашгийн тухай ярих гэж байна. Нөгөө талд нь тэр баялгийг бүтээгээд, татвараа төлөөд явж байгаа, улс орондоо зүтгэж байгаа тэр хүмүүсийн тухай бас ярьж байна. Аль алиных нь ашиг сонирхлыг энд ярьж байж шийдэлд хүрнэ” гэсэн нь хууль, шүүхийн салбарын шударга ёсны тухай илүү өргөн хүрээнд чин сэтгэлээсээ ярилцах боломжийг нээж өгсөн гэж хэлж болно. Тиймдээ цалин хангамж тааруу, төр, засаг харж үздэггүй, унаа машин байхгүй, явган нүцгэн гэсэн ойр зуурын сэдвээс илүү өргөн цараатай харцгааж хоёр өдөр чууллаа. Ерөнхийлөгчийн хэлснээр ажилгүйдэл, ядуурлын нэг шалтгаан нь үр ашиггүй хууль, шүүхийн тогтолцоо ажээ. Тийм хууль, шүүхийн зардал хөрөнгө оруулалтын хорин хувийг цааш нь үргээдэг, ажлын байрыг хорин хувиар бууруулдаг байна. “Тэгэхээр ажилгүй, амьдрал нь хүрэхгүй байгаа хүн одоо ажилгүй байгаагийнхаа бас нэг сэжмийг, нэг утгыг ойлгож авч байгаа байх” гэж Ерөнхийлөгч хэлсэн юм.
Шүүх гэдэг хүнийг шүүхийн тулд, яллахын тулд биш, харин хүний эрхийг хамгаалахын тулд, нийгмийн сайн сайхныг хамгаалахын тулд байгуулагдсан байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэйг энэ үеэр сануулсан. Өнөөдөр насанд хүрсэн хүмүүсийн хоёр хувь нь шүүхээр шийтгүүлж байгаа бол үлдсэн 98 хувийнх нь эрх ашгийн манаанд шүүх, хуулийнхан зогсч байгаа. Шүүх, хууль хяналтын байгууллага нийгмийн, дийлэнх олонх, 98 хувийн эрх ашгийн төлөө шүү гэдгийг, шүүнэ, цагдана гэдэг хүнийг айлгах, үргээх бус, нийгмийн үйлчилгээний байгууллага шүү гэдгийг Ерөнхийлөгч онцолсон нь цугларагсдын ой тойнд нэлээд сайн сууж өгөх шиг болсон. Шүүх, төр бол онхи тусдаа зүйл биш хүний л үргэлжлэл гэдгийг мөн сануулсан.
Монголын хэргийг Лондонд биш Улаанбаатарт шүүдэг болгохын төлөө ажиллах ёстойг мөн уриалллаа. Б.Хурцыг ч Лондонд хорьдог, Монголын алтыг хуурайлсан С.Паушок ч Монголын Засгийн газрыг Лондонгийн шүүхэд өгчихдөг энэ байдлыг засъя гэсэн үг л дээ. Ерөнхийлөгч “хоёр өдрийг үр ашигтай ашиглаарай, битгий хадуурч яваарай, нэг шүүх ярьж байснаа хонь яриад явж хэрэггүй. Хонио маргааш ярья. Өнөөдөр шүүхээ ярья” гэснээр үнэхээр шударга ёс хаанаа алдагдаад байгааг цугларагсад хоёр өдөр өөр зүйлтэй хутгалгүй ярилцлаа. Давхар дээлээ тайлаад дан дээлтэйгээ сууж байгаад хэлэлцлээ. Дэмий семинардаж, нойрмоглосонгүй. Хэрэгжиж болохгүй байгаа хуулиудаа нэрлэлээ. Хүн хүч хүрэлцэхгүй байгааг хэлцгээлээ. Шүүгч бол адилхан иргэн. Шүүх бол хүний үргэжлэл гэдгийг ойлголоо. Ажилгүйдэл, ядуурлын нэг сэжим шударга бус тогтолцоо гэдгийг мэдэцгээлээ. Иргэдийг өнгө мөнгөөр алагчилж болохгүйг зөвшөөрлөө. Дээдэст зөөлөн, жирийн иргэдэд хатуу нударга харуулж болохгүйг хэлэлцлээ. Шүүхэд шударга ёс тогтоохын төлөө зөвлөлдсөний ач холбогдол үүнд байв. Ерөнхийлөгч шүүх, иргэд гэсэн хана хэрмийн наад цаад хоёр ертөнцийг нэг л зүйлийн хоёр тал гэсэн ойлголт дээр ийнхүү буулгаж өгөв.