Хогоо хая, гэхдээ саванд

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Хогоо хая, гэхдээ саванд

Уншигч та анзаарсан уу… Гудамж бүрт хэдхэн метрийн хооронд хогийн сав тавьсан байгааг. Гэхдээ хогийн сав байгаа газар бүрт нэг дүр зураг ажиглагдана. Хог хогийн савандаа биш гадна нь байна. Хэрвээ баяр ёслолын үе таарвал энэ дүр зураг арай өөр болж хувирна. Хотын төвөөр метр бүрт хогийн сав тавиад байхад захад энэ байдал ямар байгааг уншигч та хэлүүлэлтгүй гадарлаж байгаа биз ээ.

Хогоо хогийн саванд хийе. Энэ бол тийм ч хэцүү уриа биш. Засагдах хэвшлийг засах гэсэн л уриа.
 
Өмнө нь бол байдал хэцүү байсаан. Хогийн сав нь тоотой хэдхэн. Хэдхэн ширхэг байдаг байсан тэр хогийн савнуудыг олж, хогоо хийхээр халаасалж хямгадах хүн тун цөөхөн. Тиймээс ТҮК-ийн ажилчид, одоогийнхоос ажилтай байсан гэх. Одоо ч ажил нь нэг их хөнгөрчихөөгүй л дээ. Гэхдээ өмнөхөөсөө багассан байх. Хэрвээ ардчилсан орнуудын төлөөлөгчид монголд ирж саатаагүй бол хогийн савны тоо нэмэгдэх байсан эсэх нь бас эргэлзээтэй.

Гэхдээ л ямар ч байсан энэ онд Улаанбаатар хотод 1215 ширхэг хогийн сав “тарьсан” байна. Хогийн сав суурилуулах ажилд хичнээн төгрөг зарцуулсан гэж бодож байна. Улсын болон нийслэлийн төсвөөс 300 сая төгрөгийг зарцуулсан. Энэ их мөнгийг зарцуулсан учраас зориулалтаар нь л тэр савыг ашигламаар байна.

Гэхдээ та хотын төвд байршуулсан энэ хогийн сав руу өнгийгөөд нэг хараарай. Зарим саванд хогны бараг байхгүй байгааг та анзаарах болно. Шооч нэг нь ийм байдлыг “Дахин боловсруулдаг” сав болохоор “Шууд боловсруулчихаж” гэж байхад, улстөржих дуртай зарим нь сайн бодлогын ачаар хот хоггүй болсны шинж гэж ч ярих. Гаргалгааг гаргах тун амархан. Та төв гудамж буруулаад байрны ар талаар яв. Хогийн сав хоггүй байгаагийн шалтгаан нь амархан тайлагдах болно. Булан тохой бүрт энд, тэнд гялгар уут хийсч, дотроо шингэнгүй хуванцар савнууд салхины аясаар хийснэ. Уг нь их мөнгө зарцуулж хийсэн хогийн савнуудад хогоо хийж хэвшвэл зөвхөн нэг хүний эрхийг бус бүх нийслэлчүүдийн эрхийг хамгаалж байгаа нь тэр болно.

Дундад зууны үед европын хотуудад хогийн сав байрлуулж эхлэхэд хөгжилтэй олон зүйлс тохиолдож байсан гэдэг. Дундаас доогуур амьдралтай хүмүүс хоол, ундны сав болгох зорилгоор суурьнаас нь мултлан авах юм уу, эсвэл галаа түлчихдэг байсан гэдэг. Тиймээс хогийн саванд бус гадуур нь хаядаг хэвшээгүй тогтолцоо үйлчилдэг байжээ. Бидний мэдэх төмөр хогийн сав нь үйлдвэржилтийн үеэс буюу 19 дүгээр зууны эхэнд үүссэн байна. Энэ цаг үед төмөр тушааж мөнгө олох хүсэлтэй хүмүүс суурьнаас нь ховхолдог байсан гэдэг. Нийгэмшил орчин үежиж, технологи хөгжиж, оршин амьдрахуйн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөх хүртэл энэ хэвшил тэр бүр арилаагүй гэдгийг санах хэрэгтэй 20-р зууны хоёрдугаар хагас хүртэл энэ хэвшил тэр бүр арилаагүй билээ.
 
Манайд олноор нь байршуулаад байгаа дахин ашиглах болон ашиглах боломжгүй гэж ангилсан хогийн савийг 1970-аад оны сүүлээс дэлхий нийт ашиглаж эхэлсэн. Харин энэ жилээс эхлэн Монгол Улс ийм хогийн савыг чамгүй санхүүжилтээр ашиглаж эхэллээ. Энэ бол дэвшил. Гэхдээ ангилсан хогийн саванд ангилал бүрээр нь хийхгүй байх гэм нийслэлчүүдэд бий. Ямартай ч хогийн саванд хогоо хийж байгаа нь сайн хэрэг. Ангилж хогоо хийдэг хэвшил суутлаа нэлээд удна.

Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Бид маш олон зүйлийг амалж байгаа. Улстөрийн үзэл агуулгаар хүүхдийн паркийг аврах ажил зохиогдож, хүүхдийн эрхийг гишүүд нийлээд хамгаална, бүхнийг хүүхдийн төлөө гэсэн хий урианууд ихсэх боллоо. Өвчтэй зовлонтой, ядуу, зүдүү, тааруухан аав, ээжтэй хүүхдүүдээр шоу хийх моод монгол даяар дэлгэрэв. Харин бидэнд хүүхдийн баяраар тэдэнд бэлэглэх ганц зүйл бий. Энэ нь хоггүй нийслэл. Хүн бүр хогоо хогийн саванд нь хийвэл хоггүй, эрүүл, цэвэрхэн хотыг ирээдүй болсон хүүхдүүддээ өгч байгаа нь тэр билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж