Биржийн хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Биржийн хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өчигдөр Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас тус бүр төлөөлөл оролцсоны зэрэгцээ УИХ-ын гишүүд оролцлоо. Хэлэлцүүлгийн шатанд эрдэмтэн судлаачдын зүгээс Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийг байгуулсан нөхцөлд түүгээр арилжаалах бараа бүтээгдэхүүний нэр төрлийг Засгийн газраас тодорхой зааж, суурь үнийг тогтоож өгөх ёстой гэсэн байр суурь баримталж байлаа. Харин УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Аливаа худалдаа зах зээлийн хуулиар эрэлт, нийлүүлэлт дээр тогтох  ёстой болохоос биш, төрөөс тогтоосон хатуу үнийн бодлогоор зохицуулагдах учиргүй. Энэ тохиолдолд бирж удаан наслахгүй гэв. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Хөдөө аж ахуйн биржийг байгуулсан олон улсын туршлагыг харвал биржээр арилжаалах бараа бүтээгдэхүүнийг баталж өгдөг. Түүнтэйгээ уялдуулаад, биржээс бусад сүлжээгээр нэр дурдсан бараа бүтээгдэхүүнийг арилжаалахыг хориглодог юм байна. Ингэхгүй давхар худалдааг хийвэл, бирж нь уначих эрсдэлтэй юм билээ” гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж