Сансарын тунелийн нүхэн гарцын дээрхи авто зам бороо орсны улмаас өнөөдөр өглөө цөмөрч унасан. Энэ замыг хэзээ засварлаж дуусахыг Нийслэлийн авто замын газрын эх сурвалжаас тодруулахад “Сансарын тунелийн замын зорчих хэсгийн замын хучилтын ажлыг цаг агаар хүйтэрснээс өнгөрсөн жил гүйцэтгэж амжаагүй. Харин өчигдөр орсон бороо, цасны улмаас тунелийн баруун хойд талын эргэлттэй хэсэгт холбооны шугамын худаг руу ус орсноос зам эвдэрч, налуу газар тул уг эвдэрсэн нүх рүү их хэмжээний ус орсноос авто замын хучилт, суурийн хэсэгт суулт үүссэн. Замыг засварласан “Хотын зам” ХХК-ийн ажилчид маргааш гэхэд суулт үүссэн замыг засварлаж дуусах болно” гэв.
Дашрамд, энэ замыг өнгөрсөн жил нийслэлийн төсвийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хотын зам” компани засварласан юм.
Д.ЖАРГАЛ




