Сайд асан Н.Хүрэлбаатарыг хорьсон уу?

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Сайд асан Н.Хүрэлбаатарыг хорьсон уу?

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг  Клиникийн нэгдсэн III эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх нэрээр 1.7 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэмээн үзэж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Эрүүгийн цагдаагийн газраас баривчилсан билээ. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулсан уу, эсвэл их хэмжээний сейфтэй мөнгөтэй нь холбогдуулсан уу, ямар ч байсан Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг мөн цагдан хорьжээ гэсэн дуулиан өнөөдөр тархсан юм.

Энэ асуудлыг бид холбогдох газраас тодруулахад няцаалаа. Учир нь, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд эх орноосоо гараад одоо болтол буцаж ирээгүй байгаа тул хууль хяналтынхан эрэн сурвалжилсан хэвээр байгаа юм байна. Түүнийг хилийн дээс алхах үед дээрх хэрэгт холбоотойгоор хэрэг үүсгэгдээгүй, мөн хилээр гарахыг хориглох зэрэг шийдвэр гараагүй байсан аж. Тиймээс сайд асан Н.Хүрэлбаатар гадаад орныг зорьсон юм байна.

Хамгийн сүүлд түүнтэй холбоотой "БНСУ-ын нийслэл Сөүл хотноо өнгөрсөн тавдугаар сарын 6-нд зохион байгуулагдсан “Ахмад настанд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээх нь" сэдэвт олон улсын хуралд Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар оролцож байна" гэх мэдээлэл хэвлэлд гарснаас хойш үндсэндээ "сураг алдарчээ".

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж