
ДУНДЫН ХУВИЛБАРЫГ САНАЛ БОЛГОВ
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буй энэ үед УИХ-ын МАН-ын бүлэг уг хуулийн төслийг дахин авч үзжээ. Бүлгийн хуралд 20-иод гишүүн үг хэлж Эрүүл мэндийн хууль гарснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад ахиц дэвшил гарах ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн гэнэ.
Энэ хуулийн төслийн “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгал төлөгчид байх ёстой” гэх шаардлагыг иргэний нийгмийн байгууллагын зүгээс гарган “худалдан авагч хяналт тавих тогтолцоо дутагдаж буй талаар” санал гарган хуулийн төсөл боловсруулагчдыг буруутгаж байгаа. Иймд энэ асуудал бүлгээр хэрхэн шийдэгдэх нь хүлээлт үүсгэж байв.
МАН-ын бүлгээр санхүүжилтийг хэрхэн зарцуулах тухай тогтолцооны талаар ярьсан бөгөөд эрүүл мэндийн санд орж ирэх мөнгийг хэний “халаасанд” хийхийг шийдвэрлэжээ.
Дээрх гурван эх үүсвэрээс 80-90 тэрбум төгрөг орж ирэх бөгөөд яаж зарцуулах, хэрхэн удирдан зохион байгуулах гэдгийг ярилцах үед ажил олгогчид, Үйлдвэрчний эвлэлийн зүгээс Үндэсний зөвлөл байгуулж бие даасан тогтолцоог бий болгох саналыг тавьсан гэнэ.
Ингээд ажил олгогчид эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлэхэд ихээхэн үүрэгтэй мөн иргэд өөрсдөө оролцохыг хүсч байгаа, түүнчлэн төрөөс оролцдог зэргийг харгалзан үзэж эдгээрийн төлөөллийг оролцуулсан УИХ-ын аль нэг Байнгын хорооны дэргэд ажиллах Үндэсний зөвлөлтэй байх дундын хувилбарыг санал болгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн санг бүлгийнхэн дан хөндлөнгийн байгууллагад хариуцуулж орхилгүй харьцангуй бие даасан үндэсний зөвлөл байгуулах, тухайн байгууллагад УИХ хяналтаа тавих гэх шийдлийг гаргажээ.
Эрүүл мэндийн хуулийн төслийг намын бүлэг дээр 3-5 удаа хэлэлцээд байгаа бөгөөд үүний дараа Эрүүл мэндийн даатгалын хуулийн талаар мөн л давхар ярих аж. Тухайн үед сан хэрхэн яаж ажиллах, хувь хүмүүст ямар карт бий болох зэрэг олон зүйлс тодорхой болох бөгөөд юуг хувь хүн, юуг нь эмнэлэг хариуцах вэ гэдгийг цэгцэлсэн байх гэнэ.
ЭНЭ УДААД БҮДРҮҮЛЭХГҮЙ БАЙХААР ШИЙДЖЭЭ
Өнгөрсөн жилийн өдий үед Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай багц хуулийн төслийг УИХ-ын бүтцийн байгууллагууд бүдрүүлэн унагаж байсан бол энэ удаад уг төслийг дэмнэж тэтгэх нь зүйтэй гэх шийдлийг МАН-ын бүлгийнхэн үзжээ. Энэ талаар Бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Хөдөлмөрийн бирж нь хувийн болон улсын өмчийн хэлбэрээр ажиллахаар төсөлд тусгагдсан. Эдгээр биржүүдийн үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэх шаардлага бий. Томилгоотой холбоотой, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг бий болгох зэрэг нилээд олон асуудал хуулийн төсөлд сууж өгсөн. Эдгээр асуудал дээр бүлэг байр сууриа нэгтгэсэн” гэв.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль батлагдан гарснаар хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажлын байртай болох, хөдөлмөр эрхлэлтийн сангаас дэмжлэг туслалцаа авах боломж өргөжнө хэмээн намын бүлгийнхэн үзэж байгаа аж. Үүн дотор хоршооны зохион байгуулалтад хэсэг бүлгээрээ нэгдсэн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн сангаас авах хүүгүй зээлийн хугацаа хэмжээ нэмэгдэх болно гэх заалтыг үр нөлөө сайтай хэмээн онош тогтоосон байна. Үндсэндээ ажлын байр, ядуурлыг бууруулах асуудал нь нэгдүгээрт тавигдаж байгаа тул энэ хуулийг дэмжин батлах нь зүйтэй гэдэгт бүлэг санал нэгджээ.
СОНГУУЛИЙН ТӨСӨЛД 200 ГАРУЙ САНАЛ ИРҮҮЛЖЭЭ
Бүлгийн гишүүд Сонгуулийн хуулийн явц байдлыг ажлын хэсгийн ахлагч Н.Энхболдоос сонсоод цаашид ямар төлөвлөгөөгөөр асуудалд хандахаа тодорхойлсон нь энэ өдрийн хамгийн чухал шийдвэр байлаа. Бүлгээс өгсөн албан ёсны тайлбараар “Тогтолцооны асуудал нь Үндсэн хууль, парламентат ёс гээд суурьтайгаа холбогдох тул цаг хугацаа их шаардахаар байна. Харин элдэв янзын булхайгүй сонгуулийг зохион байгуулахад ямар асуудлыг шийдэж болохоор байгаа талаар хэлэлцэх нь зүйтэй” гэх шийдлийг гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, процессын буюу процедурын шинжтэй зүйлийг хэлэлцэх зөвлөгөөнөө нэн даруй эхэлье гэдэгт санал нэгдсэн аж.
Ажлын хэсэгт одоогоор сонгуулийн өөрчлөлттэй холбоотой 200 гаруй санал нэмж ирсэн тул тэр болгоныг хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн “тогтолцооны асуудал хамт яригдах хэдий ч процессын хэсгийг янзлаад авъя, дараагаар нь тогтолцооны асуудлыг шийдэх боломжтой” гэж үзэж байгаагаа Бүлгийн дарга мөн дуулгав.
Тогтолцоог алгасан зохион байгуулалтаа ярих саналыг намын бүлгээс өмнө нь удаа дараа гаргаж байсан нь энэ удаад ийнхүү олонхоор дэмжлэг авчээ. Зохион байгуулалтын асуудал гэдэгт сонгуулийн зохион байгуулалттай холбоотой, маргаантай холбоотой, санал авах процедур, сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зүйлс багтаж байгаа аж.