Авангард киноны талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Авангард киноны талаар мэдээлнэ

“Монголд авангард киног хөгжүүлэх шаардлага ба эхний алхмууд” сэдэвт хэвлэлийн бага хурал энэ сарын 29-нд буюу маргааш 11.00  цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д болох гэж байна. Уг хэвлэлийн бага хурлаар Монголын андерграунд кино уралдааны талаар таницуулах юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сонгодог болон Артхаус киног олон нийтэд түгээх, таниулах зорилго бүхий "Алтан хальс" холбоо "Нэгэн хэвийн болох төлөвтэй кино урлагт цочроо өгөх" хэмээн зорилгоо тодорхойлж, андерграунд кино уралдааны зарласан билээ.

Уг уралдаан нь залууст 5-15 минут үргэлжлэх, эксперименталь, авангард хэлбэрийн бэсрэг кино өрсөлдөх боломжийг олгосон юм. Өөрөөр хэлбэл уг уралдаанд өндөр үзүүлэлттэй мэргэжлийн камер шаардлагагүй, гар утсаар бүтээсэн кино ч өрсөлдөх боломжтой бөгөөд зохион байгуулагчид киноны дүрс бичлэгийн чанарыг үл харгалзан, бүтээлч сэтгэлгээ, уран сайхны эрэлхийллийг гол болгодгоороо андерграунд кино уралдаан онцлог юм хэмээн тодорхойлсон. Уралдааны бүтээлийг хүлээн авах явц бүхэлдээ цахим орчин ашиглан явагдах бөгөөд оролцогч видео бүтээлээ www.wetransfer.com цахим хуудаснаа байршуулж, өөрийн тухай мэдээлэл болон видео холбоосоо altankhalis@artfilm.mn хаяг руу илгээж бүртгүүлэх боломжтой аж. Уралдаанд бүртгүүлэх хугацаа ирэх зургадугаар сарын 15-нд дуусах бөгөөд үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг “Алтан хальс” холбооны www.artfilm.mn цахим хуудаснаа болон фэйсбүүк дэхь http://www.facebook.com/underground.mongolia хуудаснаа хандан хүлээн авах боломжтой гэсэн шүү.

Монголын анхны андерграунд кино уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх зургадугаар сарын 22-нд “Улаан Гэр” галлерейд болох бөгөөд энэ үеэр шилдэг гурван бүтээлд мөнгөн шагнал хүртээх ажээ. Харин эхний таван байранд шалгарсан бүтээлийг энэ оны аравдугаар сард зохион байгуулагдах “Улаанбаатар” Олон улсын кино наадмын хүрээнд олон нийтийн хүртээл болгох нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж