
Бүтэн сар гарахаар хүн бүр ч янз бүрийн л мэдрэмж төрдөг болов уу. Харин хийлч Дээгийгийн хувьд энэ л өдөр бол зүгээр л нэг тоглохыг хүссэн үдэш бус нэлээдгүй хүлээж, бодож, сонгосон тэргэл сартай үдэш байсан юм. Тэрээр “Тэргэл сар гарахаар би дэндүү их булгиламтгай, эмзэг, галзуудуу болчихдог юм. Энэ дэлхий дээр хайр гэж байгаагүйсэн бол өөр юу ч байхгүй байсан болов уу. Өнөөдөр миний тоглон та нарын сонорыг мялааж байгаа бүхэн ямарваа нэгэн хайр дээр тулгуурласан байгаа. Хайр агуу учраас түүнийг мэдэрсэн хүн бүрт энэ гайхамшигтай дуугаа зориулъя” хэмээн “Анхны хайр” дууг хийлийн гайхамшигт аялгуугаар мэдрүүлсэн. Мөн тэдний хамт ятгын хатан хаан, “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ тайзнаа тоглолоо.
Дээгийгийн тансаг хийлийн аялгуу энэ үдэш попын хатан хаан Хьюстоны “I will always love you” дууг эгшиглүүлэн дуурийн гургалдайн хоолойт Уянга дуулсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болсон шүү. Дан сонгодог бүтээл эгшиглэх байх хэмээн таамаглаж байсан үзэгчдэд тэд хамтдаа Toni Braxton-ы “Un break my heart” дуугаар уяраасан бол араас нь алдарт “Хөөрхөн хүүхэн” киноны “Pretty woman” дууг хүргэн зочдыг цоглог хөгжмөөр доргион хамтдаа бүжиглэн нэгэн үдшийг үдлээ.








