
Нийгмийн халамжийн тогтолцооны шинэчлэлийн бодлогын асуудлаар тус яамнаас нийгмийн халамж, нийгмийн даатгал гэсэн хоёр үндсэн чиглэлээр бодлого тодорхойлж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд улстөрийн болон сонгуулийн амлалтаас болж иргэдэд бэлэн мөнгө тарааж байгаа нь нийгмийн халамжийн салбарын нийт зардлын 80 хувийг эзэлдэг юм байна. Сайдын мэдээлснээр нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн халамжийн зардал өсөөгүй бөгөөд зөвхөн инфляцийн түвшин амжиргааны өртөгтэй уялдуулан халажмийн хэмжээ нэмэгдсэн нь тухайн үед л халамжийн зардал өссөн үзүүлэлттэй гарсан байна. 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн халамжийн зардал 0,85 хувьтай байсан байна. Дэлхийн бусад бүс нутагтай харьцуулахад бага хэмжээ гэдгийг онцолсон.
Нийгмийн халамжийн хэмжээг нэг хүнд ногдох хэмжээ нь нэг сард 10 мянгаас 103 мянга 600 төгрөг байдаг аж. Энэ нь өнөөдрийн амжиргааны доод түвшинтэй тэнцэхүйц байж чадахгүй байгаа аж. Нийгмийн халамжийн үйлчилгээ нь зорилтот хэсгээ тодорхойлоогүй, нийгмийн халамж үйлчилгээний төрөлжиж хөгжөөгүй, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр давамгайлсан үйлчилгээтэй, улс төрөөс хамаарал ихтэй, өргөдөл, гомдол шийдвэрлэх механизмгүй, хяналт мониторинг сул байна гэсэн судалгааг гаргаад байгаа юм байна.
Тиймээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зорилтот бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамж үйлчилгээг төрөлжүүлж, хүнд суртал, шат дамжлагыг арилгах гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Мөн монгол хүнийг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх тулд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын чуулганыг тус тус зохион байгуулсан. Мөн ирэх зургадугаар сард дээрх чуулганыг дахин зохион байгуулах юм байна. Тус яамнаас чуулганаас гарах үр дүнг нэгтгэж монгол хүний цогц бодлогыг тодорхойлж, ирэх аравдугаар сард Засгийн газарт барих гэж байгаа талаар С.Эрдэнэ сайд мэдээллээ. Үүний дараа гишүүдийн асуулт, тодруулга үргэлжилсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Одонтой ээжүүдийн мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг хэзээ шийдэх болон өнгөрсөн жил иргэдэд олгож байсан 21000 төгрөгийг зорилт бүлгэд үргэлжлүүлэн олгох боломж байна уу гэдгийг тодруулсан. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Эдгээр ээжүүдийг дэмжих тал дээр яамны зүгээс ямар бодлого барьж ажиллаж байна вэ гэдгийг асуусан юм. Түүний асуултад С.Эрдэнэ сайд хариулахдаа, “Одонтой ээжүүдийг дэмжих асуудлыг яамны зүгээс судалж энэ тал дээр ажиллаж байгаа. Ялангуяа олон хүүхэдтэй ээжүүд, нөхөн үржихүй , хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр судалгаа хийгдэж дуусах шатандаа орж байна. Мөн Засгийн газрын түвшинд олон хүүхэдтэй ээжүүдийг дэмжих тэр дотроо хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор гурав дахь хүүхэд буюу гурваас дээш хүүхэдтэй ээжүүдийн амьжиргааг дэмжих төслийг удахгүй өргөн барина. Ялангуяа жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг нэмэгдүүлэх, амин дэмийн нэмэгдэл олгох, 0-2 насны хүүхэдтэй эхчүүдэд сар бүр тэтгэмж олгох, түүн дотроо гурав дахь хүүхдийг төрүүлсэн тохиолдолд төрөөс дэмжих бодлогыг түлхүү барьж ажиллана. Өнөөдөр судалгаагаар нийт өрхийн 80 орчим хувь нь 1-2 хүүхэдтэй гэсэн үзүүлэлт байгаа. 21 мянган төгрөгийг иргэдэд олгосноор нийгмийн эдийн засгийн үзүүлэлтэд ямар нөлөө үзүүлэв гэдэг дээр судалгаа хийхэд эерэг үзүүлэлт харагдахгүй байгаа. Тийм учраас 21 мянган төгрөг олгох замаар ядуу хэсгийн амьжиргааг дэмжих үү, эсвэл ажлын байр бий болгох, хүмүүсийг чадавхжуулах, мэргэшүүлэхэд асуудлыг авч үзэх нь илүү оновчтой, үр дүнтэй байх уу гэдэг дээр яамны зүгээс судалгаа хийж байна. Харин түрүүчийн Засгийн газрын дутуу олгосон 21 мянган төгрөгийг энэ жил гүйцээж олгохоор улсын төсөвт мөнгө суулгасан” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь асуултдаа, “Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал ямар шалтгаанаас өсөж байна вэ. Тэтгэврийн насны бүх иргэн тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа юу. Нэрийн дансны хуримтлалд шимтгэл төлсөн хүмүүсийн мөнгө байгаа гэдэгт итгэлтэй байж болох уу” гэлээ.
“Өнөөдрийн байдлаар энэ чиглэлийн нарийн судалгаа хийгдээгүй байна. Ирэх намраас мөнгөн дүнгийн тооцоо хийх асуудлыг холбогдох яамдтай хамтран хийж гаргах бодолтой байгаа. Тэтгэврийн даатгалын санд өнөөдөр бодит мөнгөн хуримтлал бий болоогүй учраас одоогийн байдлаар энэ сангаас тэтгэвэр олгогдоогүй байна. Нөгөөтэйгүүр 60 оноос хойш төрсөн иргэд хуулиараа 2015 оноос тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт гарч эхэлнэ. Өнөөдөр тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлж байгаа мөнгөн орлогоос тэтгэвэр тавигдаж байгаа бөгөөд энэ нь эв санааны нэгдлийн зарчим буюу хуваарилалтын зарчмаар явж байна. Яг үнэндээ Нэрийн дансны тухай хууль хэрэгжихгүй байгаа. Уул уурхай, ашигт малтмалаас олох мөнгөн орлого цаашдаа нэмэгдэж эдийн засгийн боломжтой үе тохиосон нөхцөлд нэрийн дансны мөнгөн хуримтлалыг яаралтай бүрдүүлэх, цаашлаад нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж ажиллах шаардлагатай гэдгийг хэлэх байна” гэсэн хариултыг С.Эрдэнэ сайд өгсөн юм.