
Энэ хаврын том ажил болох зам засварын ажил эхэлсэн. Таваншарын уулзвараас Толгойт, Орбитын уулзвар хүртлэх 2.5 км, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км, Дамбын замаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртлэх зургаан км авто зам болон Сансрын ШТС-аас Дамбадаржаа хүртлэх 6.7 км зэрэг авто замуудын ажил болон нийт долоон ажил эхэлжээ. Бэлтгэл ажил буюу шугам сүлжээ шилжүүлэх, замын өргөтгөлийн ажил хийгдэж байгаа гэнэ. Харин орон сууцны хороолол дундах замуудыг засах ажил эхэлсэн байгаа. Зам шинэчлэлт, өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэхэд шугам сүлжээ, рекламны самбар буулгах, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, гэрэлтүүлэг, кабель, цахилгааны шугам сүлжээг хөндөхгүй байх зэрэг асуудал гарч ирж байгаа гэнэ. Тодруулбал 22-ын товчоо чиглэлийн өргөтгөл шинэчлэл хийхэд 38 объектыг нүүлгэх, рекламны 14 самбарыг буулгах шаардлагатай байгаа бөгөөд энэ ажлыг гүйцэтгэхийг холбогдох байгууллагад нь хугацаат үүрэг өгсөн гэв.
800 хүний ажлын байр бий болно
Нийслэлийн хөдөө аж ахуйн газраас энэ хаврын тариалалтын талаар мэдээлсэн. Энэ жил Таширын аманд 300 га талбайд тариалалт хийнэ. Мөн Налайх дүүргийн нутаг болох Хонхорт 90 га талбайд тариалалт хийнэ. Үүний дагуу 100 худаг ухах, цахилгаан татах шаардлагатай. Энэ ажил эхлэхээр 800 хүний ажлын байр бий болно гэв. Түүнчлэн энэ жил 2000 өрхийг төмс, хүнсний ногоо тариулах чиглэлээр Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтарч ажиллахаар болсон аж.
Аж ахуй нэгжийн тооллого гурван хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар аж ахуй нэгжийн тооллогыг энэ сарын 15-нд эхэлсэн. Аж ахуй нэгжийн тооллого гурван хувьтай байгаа бөгөөд энэ ажилд жижиг аж ахуй нэгж идэвхитэй оролцож байгаа гэнэ. Үндсэний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн “Аж ахуй нэгжийн тооллогод томоохон аж ахуй нэгж ажилдаа хойрго хандаж ажил удаашрахад нөлөөлж байна. Дүүргийн Засаг дарга нар нутаг дэвсгэрт байрдах аж ахуй нэгжид анхааруулга өгөх шаардлагатай байна” гэв. Аж ахуй нэгжийн тооллогыг ирэх долдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Тооллогоор төрийн болон төрийн бус аж ахуй нэгжийн тоог гаргах зорилготой гэнэ. Өнгөрсөн 2006 оны байдлаар манай улсад нийт 72933 аж ахуй нэгж тооллогод хамрагджээ.
11 баар, зургаан хүнсний дэлгүүрийн үйлчилгээг зогсоожээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр болон баар, паб гэх мэт үйлчилгээний газруудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар нийт 11 баар, зургаан хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг Хотын ерөнхий менежерийн А 39 тоот тушаалын дагуу зогсоожээ. Үүнд Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Бөртэ гүнж” казино, МЕССА, Амрита, Матрикс зэрэг баарны үйл ажиллагааг зогсоосон байна. Эдгээр баар цаг хэтрүүлэн ажилладаг мөн удаа дараагийн шаардлага биелүүлээгүй зэрэг зөрчилтэй байжээ. Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Баян цээл” болон “Өлзийт анд” зэрэг зургаан хүнсний дэлгүүр цаг хэтрүүлэн ажилласан, мэргэжлийн байгууллагын шаардлага биелүүлдэггүй гэсэн шалтгаанаар үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоогоод байгаа гэнэ.
Нийтийн тээврээс 10 мянга 540 зөрчил илэрчээ
Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 26 аж ахуйн нэгжид долоон удаа шалгалт хийжээ. Шалгалтаар 10540 зөрчил илрүүлж, 340 жолоочийг 3.2 сая төгрөгөөр торгож, зам тээврийн осол гаргасан найман жолоочийн эрхийг хассан байна. Өмнөх сард хийсэн судалгаатай харьцуулахад автобусны үйлчилгээ, жолооч, кондукторын харьцаа сайжирсан үзүүлэлттэй байна. Автобусны цэвэрлэгээний ажил сайжруулах тал дээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэв.
Ирэх сараас хогны мөнгийг цахилгааныхтай хамт авна
Нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь хогны мөнгө төлдөггүй. Тиймээс ирэх сараас цахилгааны мөнгөтэй хамт хогны мөнгө хураахаар болжээ. Хур хогоноосоо салах зорилгоор Хотын даргын захирамж гаргаж, тодорхой хуваарийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл даяар “Нийтийн цэвэрлэгээ” зохион байгуулсан. Засаг даргын захирамжийн дагуу хуваарь гаргаж цэвэрлэгээ хийсэн. “Амралтын өдөр хийсэн цэвэрлэгээнд төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг, оюутнууд идэвхитэй оролцсон. Нийслэлийн иргэдийн 40 хувь нь хогны мөнгө төлдөг. Үлдсэн хувь нь төлдөггүй. Тиймээс ирэх сараас цахилгааны мөнгө, хогны мөнгийг цуг авахаар болсон” гэж Хотын ерөнхий менежер Ч.Бат хэллээ. Өнгөрсөн амралтын өдөр хийсэн нийтийн хог цэвэрлэх ажилд нийт 2420 аж ахуй нэгжийн 17 мянга гаруй хүн оролцож 4,4 мянган тонн хог цэвэрлэжээ.