
Ирэх 20 жилийн турш нүүрсний ихэнх нь цахилгаан эрчим хүчний станцуудын гол түүхий эд хэвээрээ байх нь. Одоогоор дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хамгийн их буюу 41 хувийг нүүрс эзэлж байгаа бөгөөд 2040 он хүртэл өөрчлөгдөхгүй гэж таамаглаж байна. Дэлхийн цахилгааны хэрэглээ хөгжиж буй Азийн орнуудад түлхүү нэмэгдэхээр байгаа гэнэ. Хятад болон Энэтхэг орнуудын нийт хүн амын орлого, амьжиргааны төвшин хурдацтай өсч цахилгаан бараа тоног төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдэж байгаагаас гадна хоёр улсад тогтмол цахилгаанд холбогдоогүй маш олон хүн байгаа хэвээр. Тиймээс тэднийг эрчим хүчээр хангах нь тухайн орны Засгийн газрын гол үүрэг болоод буй. Иймд хөгжиж буй Азийн орнуудын цахилгааны хэрэгцээг хангах хамгийн том эх үүсвэр нь нүүрс байсаар байх бололтой.
Хятад
Хятадын дотоодын нүүрс үйлдвэрлэлийн хэмжээ жилд 2,034 тэрбум тоннд хүрсэн ч энэ тоо цаашид улам өсөх хандлагатай байгааг тус улсын Засгийн газраас мэдэгдэж буй. Тус улс ойрын хугацаанд Шаньси, Шандон, Хенань, Юунань Гүжоү болон Өвөр Монголд 13 том хэмжээний нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ.
Хятад Шинжань Уйгурын автономит бүс дэх Сантанг нуурын уурхайд нүүрс олборлох төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэлжсэн бөгөөд нийт 4700 квадрат метр талбай бүхий энэ уурхай Хятадын нүүрсний салбарт хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн том нь ажээ. Тус бүсийн эрх баригчид уурхайд 375 цооног, ам гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хайгуулын ажлыг энэ жилд багтаан дуусгах гэнэ. Сантанг нуурын уурхай 55 сая тонн нүүрсний нөөцтэй ажээ.
ӨвөрМонгол
Өвөрмонголын Вухай хотын Хайбаун нэртэй газарт нэг бүр нь жилд гурван сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай дөрвөн үйлдвэр ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Төслүүдэд нийтдээ 400 гаруй сая юанийн хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд зургадугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж, бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх аж. Дээрх төслүүд хэрэгжвэл Өвөрмонголын баяжуулсан нүүрсний үйлдвэрлэл 8-11 сая тонноор нэмэгдэх бөгөөд энэ нь Монголоос импортолж авах нүүрсний үнэ болоод худалдан авах тоо, хэмжээг бууруулж магадгүй нь бололтой.
Өмнөд Африк
“BHP Billiton Energy Coal South Africa” нь дэлхийн нүүрс экспортлогч аварга компаниудын нэг. Өмнөд Африкийн Мпумаланга мужид дөрвөн нүүрсний уурхай эзэмшдэг тус компани Европ, Энэтхэг, Африк, болон Өмнөд Африкт нүүрс экспортолдог. Тус компани жилд 6.6 сая тонн нүүрс олборлох төслийг 2012 оноос хэрэгжүүлэх гэнэ.
“Xstrata Coal” Өмнөд Африкийн гурав дахь том нүүрс экспортлогч тус компани 13 ил болон далд уурхай эзэмшдэг. Жилд 6.7 сая тонн нүүрс олборлодог “Goedgevonden” уурхайг “Xstrata Coal” “ARM Coal” –тай хамтран эзэмшдэг бөгөөд Өмнөд Африкийн үндэсний эрчим хүчний газартай 17 жилийн гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу “Goedgevonden” уурхай эрчим хүчний газарт 2009-2026 он хүртэл жилд 60 сая тонн нүүрс нийлүүлэх ажээ.
Австрали
“Rio Tinto” групп Квинслэнд дэх нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээг 2013 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа ажээ. “Rio Tinto” Клермонтын уурхайг “Mitsubishi Development” ,” J-Power Australia” болон “JCD Australia”-тай хамтран эзэмшдэг. Уг уурхай жилд 12.2 сая тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай. “Rio Tinto” нүүрсний экспортын хэмжээг жилд 21-40 сая хүртэл нэмэгдүүлэхээр Квинслэндэд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө оруулсан байна.
Монгол
Коксжих нүүрснийхээ агуулга, чанараараа дэлхийд нэгдүгээрт жагсч буй Тавантолгой нь 6,4 тэрбумын нөөцтэй. Тус орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг байгуулж, 15 тэрбум хувьцаа гаргахаар шийдвэрлэсэн. Тус компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргах ажил хэдийнэ эхэлсэн бий. Мөн Тавантолгой гэх уг ордыг Цанхийн баруун, зүүн хэсэгт хувааж, хоёр янзын тендер зарлаад байгаа билээ. Мөн Монголын хойд бүс нутагт “Профиши Ресурс” болон “Спайр майнинг” компаниуд нүүрсний томоохон ордуудыг илрүүлээд буй. Түүнчлэн “Мон Эн Ко” компанийн эзэмшиж буй Хөшөөтийн нүүрсний орд. Стратегийн гэх тодорхойлолтод хамрагдаж буй тус ордын өнөөдрийн байдлаар коксжих нүүрснийхээ нөөц, чанараар Тавантолгойн дараа жагсч буй. Хөшөөтийн нүүрсний уур¬хай 310 сая тоннын нөөцтэй гэдэг ч “Мон Эн Ко” компанийн танилцуулгад уг ор¬дыг 4,4 тэрбумын нөөцтэй хэмээн тэмдэглэсэн байдаг. “Хүннү коал” компани Монголд нүүрсний 13 төслийг хэрэгжүүлж буй, Дундговийн Үнстхудаг, Цагаандэлгэр, Дэлгэрэх, Өмнөговийн Цант-Уул, Буян, Тэнүүн зэрэг ордуудад үйл ажиллагаа явуулж байгаа юм.