Эх орны хишгийг бөөнөөр нь авч болох уу?

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Эх орны хишгийг бөөнөөр нь авч болох уу?

Өрх бүрийн сарын төсөвт Эх орны хувь, хишгийн мөнгө  “суужээ”.  Дундаж өрхийг ам бүл дөрвүүлээ гэж бодоход сарын хэрэгцээнд нь 84 мянган төгрөг орж ирж байгаа юм. Байрны мөнгөө төлөх, эсвэл сарын хүнсээ базаахад нэмэр болох нь дамжиггүй. Харин сар бүр дугаарлан байж Эх орны хишгийн мөнгөө аваад өнөө маргаашийн хэрэгцээнд зориулж байхаар нэгмөсөн бүгдийг нь авчихвал … гэх бодол иргэн бүрийн толгойд эргэлдэх болжээ. Нөгөө талаас банкуудад сар бүр уртаас урт дараалалд дарагдаж буй ачаалал багасах ч юм билүү.  Гэтэл Дорнод аймагт Эх орны хувь хишгийг бөөнөөр олгож байна гэсэн яриа гарчээ.

Бөөнөөр нь яаж авах вэ?

УИХ-аас баталсан тогтоолын дагуу Эх орны хувь хишгийн мөнгийг бэлнээр авах ганцхан тохиолдол бий. Үүнийг Засгийн газрын журмаар зохицуулдаг бөгөөд иргэд өөрсдийн санаачлагаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах бол бэлэн бусаар олгох юм. Дор хаяж 10 сая төгрөгийг ийм байдлаар гаргах бөгөөд үүнд 40-өөс доошгүй хүн нэгдсэнээр мөнгөө бөөнөөр нь авах эрх үүсэх юм. Түүнчлэн тухайн иргэдийн хувийн данс руу биш, техник, тоног төхөөрөмж худалдан авч буй байгууллагынх нь данс руу шилжүүлнэ гэж байгаа.
Хэрвээ тухайн иргэд аж ахуй эрхлэх туршлагагүй бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн дагуу аж ахуй эрхлэх сургалтад хамруулна гэжээ. Ингэснээр иргэдийн бий болгосон ажлын байр нь тогтвортой байх,  хөрөнгө оруулалт нэрийн дор их хэмжээний мөнгө цацагдаж инфляци хөөрөгдөхөөс сэргийлэх ач холбогдолтой гэж тэд үзсэн байна. Ингээд бодохоор хувь хүмүүст төдийлөн хүрч чадахгүй журам байгаа биз.

Арилжааны банкууд тусгай үйлчилгээ нэвтрүүлж эхэлжээ
Эх орны хувь хишгийн мөнгийг Хаан, Хадгаламж, Капитал банкаар дамжуулан иргэдэд олгодог. Тэдний нэг Хадгаламж банк иргэдэд 21 000 төгрөгийг бөөнөөр өгөх тусгай үйлчилгээ нэвтрүүлэхээр туршиж эхлээд байна. Тус банк Монгол Улсын хэмжээнд 1.2 сая, Улаанбаатар хотын хэмжээнд 480 мянган хүнд хүний хөгжил сангийн мөнгийг өгдөг. Эх орны хувь хишгийг бөөнөөр нь авах иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн он дуусталх мөнгийг буюу 189.000 төгрөгийг багцаар нь олгож эхэлжээ. Үүнийг банк өөрийн санхүүжилтээр олгож байгаа бөгөөд хүүгийн болон ажилтнуудын зардлыг шингээсэн тодорхой хэмжээний шимтгэлтэй аж. Энэ ажлыг зохион байгуулахаар 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэг ч ажиллах болжээ. Одоогийн байдлаар тус банк Эх орны хувь хишгийг нийслэлийн Хан-Уул дүүргийн IX, X, XVI хороо болон Дорнод аймгийн иргэдэд багцаар нь олгоод байна.

Хаан банк бөөнөөр нь өгөхгүй
Орон даяар хамгийн олон салбар, харилцагчтай Хаан банкны байр суурийг сонирхлоо. Маркетингийн менежер Д.Цэцэгсайханы өгүүлснээр тус банк Эх орны хишгийг бөөнөөр өгөхгүй гэнэ. Учир нь Засгийн газартай байгуулсан гэрээнд иргэдэд тарааж буй Эх орны хувь, хишгийн мөнгийг сар бүр олгоно, урьдчилан өгөхгүй гэж тусгайлан заасан аж.

Харин тус банк иргэд болон өөрсдийн үйл ажиллагааны ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авсан байна. Үүний нэг нь иргэдэд үнэ төлбөргүй виза карт эзэмшүүлж, цахим банкны үйлчилгээг үнэгүй үзүүлж байгаа гэнэ. Ингэснээр харилцагч үнэгүй авсан картандаа мөнгө орсон эсэхийг гар утасны мессеж болон интернет ашиглан мэдэх боломж бүрджээ. Мөн картаараа харьяалал хамаарахгүй аль ч банк, АТМ-ээс мөнгөө авч байх аж. Удахгүй “sms alert”  үйлчилгээ нэвтрүүлэх гэж байгаагаа маркетингийн ажилтан дуулгасан.

Эх орны хувь хишгээ авч байгаа иргэд 300 төгрөгийн шимтгэл юунд төлдгийг төдийлөн ойлгодоггүй. Энэ талаар асуухад

-Төрийн сангаас орж ирсэн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэхэд банк 200 төгрөгийн хураамж авдаг. Мөнгөө теллерээс авбал нэмж 100 төгрөг, АТМ-аас авбал 50 төгрөгийн шимтгэл төлнө. Харин картаараа бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэхэд шимтгэлгүй гэсэн хариуг өгч байна.

Капитал хараахан шийдээгүй байна
Эх орны хувь хишгийн багагүй хэсгийг энэ банкаар дамжуулж иргэдэд олгодог. Тус банк саяхан most money үйлчилгээ нэвтрүүлж, харилцагч нар нь гар утсаараа 21 000 төгрөгөө авах боломжийг бүрдүүлсэн. Урт дараалал, иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд тэднийх ийм үйлчилгээг хүргэдэг болоод сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Тэгсэн хэдий ч тус банкны салбаруудын урт дараалал одоо ч үргэлжлээстэй. Иргэдэд мөнгийг бөөнөөр нь өгөх эсэхийг асуухад тус банкны маркетингийн ажилтан “Хүний хөгжил сангийн мөнгийг урьдчилж олгох талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариултыг өгөв. Юутай ч энэ талаар банкныхан ярилцаж байгаа бололтой.

Зах зээлд бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд инфляци өсч, үнийн хөөрөгдөл болдог бичигдээгүй хууль бий. Хэдийгээр иргэдийн хэрэгцээ шаардлага, банкуудын ачааллыг бууруулахад эх орны хувь хишгийг бөөнөөр өгөх хэрэгтэй санагдавч нөгөө талд инфляци өсөх эрсдэл үүсгэх вий.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж