
Нэрт хөгжмийн зохиолч, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит улсын IV уралдааны товыг өнгөрсөн баасан гаригт ССАЖЯ-наас зарласан байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг-II” хөтөлбөрийн хүрээнд, Сонгодог урлагийн салбарт мэргэжлийн хөгжимчдийн урын сангийн баяжилтыг арвижуулах, харилцан туршлага солилцуулж, шинэ залуу чадварлаг хөгжимчдийг олон улсын түвшинд гаргах зорилготой уг наадам энэ жил аравдугаар сарын 26-наас 11-р сарын нэгэн хүртэл зохиогдох ажээ. Тус уралдаанд 1978 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн эрэгтэй, эмэгтэй хөгжимчид оролцох бол оролцогчид нь мэргэжлийн уран бүтээлчид, их дээд сургуульд хөгжмийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, чөлөөт уран бүтээлчид байх боломжтой юм. Уралдааны бүртгэл ирэх есдүгээр сарын 1-15-ны хооронд үргэлжлэх юм байна.
Т.ДАРХАН