Агаарын бохирдлын эсрэг хувь нэмрээ оруулна

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлын эсрэг хувь нэмрээ оруулна

“Монголын үндэсний beatbox”-ын холбооны тэргүүн Ray буюу Нарандэлгэрийг уншигчид андахгүй. Тэрбээр beatbox хэмээх урлагийг Монголдоо дэлгэрүүлсэн ч төд удалгүй арлын Японыг зорьсон бөгөөд сүүлийн жил гаруйн хугацаанд нам жим байсан юм. Тиймээс сураг алдарсан залуу уран бүтээлчтэй чааталж, уран  бүтээлийн олз, хувийн амьдралын сонинг сонслоо.

-Сайн уу? “Өдрийн шуудан” сониноос таны амрыг эрж байна.

-Сайн. Сайн байна уу?

-Японд багагүй хугацааг өнгө­рөөчихлөө. Эх орондоо хэзээ ирэх гэж байна вэ?

-Ирэх долдугаар сард богино хугацаагаар очно. Харин ирэх оны гуравдугаар сард бүрмөсөн очно доо.

-Очсон газраа дасч байна уу. Хэл ус гэж гайхалтай болсон байх?

-Анх хэцүү байсан. Хэлгүй бол хөлгүй гэдгийг биеэрээ мэдэрсэн. Одоо ч тэр үеийг бодвол шал өөр болсон. Япон миний хувьд хоёр дахь эх орон болчихоод байна.

-Ямар сургуульд сурч байгаа вэ? 

-Азийн их сургуульд магистрт суралцаж байна. Ирэх оны гуравдугаар сард төгсөнө. Тэгээд л эх орон, элгэн садныхаа зүг хүлгийн жолоо зална гэж байхгүй юу.
 
-Ямар мэргэжлээр суралцаж байгаа юм бэ?

-Агаарын бохирдлын чиглэлээр суралцаж байгаа.

-Ямар гоё мэргэжил сонгоо вэ. Монголд хамгийн хэрэгтэй  мэргэжил байна даа. Төгсч ирээд эх орондоо ажиллана биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Тэрний чинь төлөө л энд ирж суралцсан юм шүү дээ. Хэдэн жилийн өмнө намайг энэ мэргэжлийг сонгоход Монголд утаа хэцүүхэн байсан. Одоо бүр ихэсч, эмгэгтэй хүүхдүүд төрж байгаа гэсэн. Энэ мэдээллийг хүмүүсээс бас цахим ертөнцөөр дамжуулан аваад сэтгэл маш их эмзэглэж байгаа. Сургуулиа хурдхан төгсөөд, эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах юмсан гэж тэсэн ядан хүлээж байна.

-Уран бүтээлээ туурвиж байгаа юу?

-Уран бүтээлээ орхиогүй. Анх хөлөө олохгүй явж байхдаа ч хөгжимөө чирээд явдаг байсан. Одоо дан ганц beatbox хийхээ больсон. Beatbox-оороо ая хийж, түүн дээрээ өөрөө үглэж дуулж байгаа. Энд Энэтхэг, Япон, Нипал, Оросын хөгжимчидтэй хамтлаг болчихсон, тоглолт хийж байгаа. 2014 онд Германд олон улсын төмөр хуурчдын хөгжмийн наадам болно. Түүнд Японы төмөр хуурчдын холбооныхонтой хамтран Монголынхоо нэрийн өмнөөс оролцох гээд бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Ардын урлагаа beatbox-той хослуулсан уран бүтээл олныг туурвиж байгаа. Уран бүтээлийн тал дээр маш том нэг нууц байгаа. Түүнийг цаг нь болохоор задална.

-Хамгийн сүүлд ямар тоглолт хийсэн бэ?

-Токио хотын Шибуяа хотод Японы хамгийн содон гэсэн уран бүтээлчтэй хамтран өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд тоглолт хийсэн. Маш амжилттай болсон. Азидаа урлагаараа толгой цохьдог улсын томоохон уран бүтээлчтэй хамтран тоглолт хийсэндээ баяртай байна.

-Ямар гоё юм бэ. Сургуулийн төгсөлт, олон улсын наадамд оролцох бэлтгэл гээд тун завгүй байгаа юм байна даа?

-Тийм ээ. Өдөр шөнөгүй ажиллаж, суралцаж байна. Чөлөөт цаг хомс байгаа. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна.

-Хувийн амьдралыг тань сонирхох хүн олон байгаа байх. Найз охинтой болсон уу?

-Тэрийг ярихгүй байж болох уу. Цаг нь болохоор хүссэн хүсээгүй мэдэгдэнэ.

-Япон, монгол залуус суралцах арга барилын хувьд өөр өөр байдаг уу?

-Япончууд маш их зүтгэлтэй. Харин монголчууд жаахан хэнэггүй талдаа. Аливааг ойлгох, хүлээн авах чадвар нь сайн. Хичээлдээ сайн. Япончууд монголчуудад маш сайн байдаг.  Багш нар нь монгол оюутнуудыг сайн гэж дандаа магтдаг.

-Монголдоо ирээд мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ туурвина биз дээ. Залуу уран бүтээлчдийг харж байхад сургуулиа төгсөөд мэргэжилтэй болмогцоо уран бүтээлээсээ хөндийрчих юм?

-Би тэднээс өөр байж чадна. Уран бүтээлдээ үнэнч байна. Хүний газар явахдаа орхиогүй юм чинь Монголдоо юу гэж уран бүтээлээ орхих вэ дээ. “Монголын үндэсний beatbox”-ын холбооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлж, үргэлжлүүлнэ. Намайг бас миний уран бүтээлийг хүлээж байсан хүмүүсийнхээ урмыг хугалахгүй сайхан уран бүтээлээрээ бэлэг барина. Бас мэргэжлийнхээ хувьд ч сурсан мэдсэнээ эх орондоо зориулна.

М.УЯНГА
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж