
Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа, дүгнэлт хийх, цаашдын баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхийн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн Дэд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан байна. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг нухацтай авч үзэн, цаашид анхаарах зүйлүүдэд Засгийн газар анхаарч ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн бүлгийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийн төслүүдийг дэмжиж байгаа бөгөөд чуулганы хуралдаан завсарлахаас өмнө батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин УИХ-ын чуулганы хуралдаан завсарлахыг тус бүлгээс дэмжиж байгаа юм байна. Өмнөх 2005, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч мөн 10-14 хоногийн хугацаанд завсарлага авч байсан аж. Тиймээс энэ удаад ч мөн 10-14 хоногийн завсарлага авах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэрэв чуулганы хуралдааныг завсарлуулах бол батлах ёстой хуулиудаа амжиж батлах нь зүйтэй гэдгийг эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг онцолсон юм.