“Хятад мөрөөдөл” зүүд үү?

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

“Хятад мөрөөдөл” зүүд үү?

Шинэхэн дарга Си хуучрах арай болоогүй байна. Олон улсад шуугиан дагуулан байж ирсэн тэрээр шинэ Хятадыг бий болгох олон бодлого, төлөвлөгөөтэй ирсэн билээ. Хамгийн түрүүнд тэр “Социалист Ардчилал” хэмээх шинэ нэр томъёог бий болгосон. Энэ нь социализмын замаар замнах ч иргэдийн тэгш эрхийг хангаж, олон улсад нээлттэй бодлого баримтлах. Сүүлийн хэдэн жилийн туршид Хятад олон улсад нээлттэй болсон. Гэхдээ дотооддоо хаалттай хэвээр… Яг одоо бол бүх юм гоё байгаа. Унаад байсан үйлдвэрийн салбар нь өсч, үл хөдлөх хөрөнгийн зах зээл тогтворжиж, томоохон хувьцаанууд сэргэж эхэлсэн. Эдийн засгийн өсөлт нь алгуур ч гэсэн дээшилж байгаа. Бүх юм сайхан байгаа ч нэгэн асуулт хариултаа нэхэн торойж байна. Хятад мөрөөдөл зүүд үү, бодит байдал уу гэдэг эргэлзээтэй байна.

“Бид хятад мөрөөдлийг бий болгох ёстой. Гэхдээ энэ нь бодит ажил болох нь гарцаагүй. Биднийг 20 жилийн өмнө өнөөгийн хөгжлийн тухай ярьж байхад дэлхий нийт мөн л зүүд үү гэж харж байсан. Одоо үр дүн нь эергээрээ өөрчлөгдсөн шүү дээ. Энэ бол бүх Хятадын зорилт, ажил байх болно” гэж Си Жинпин ярьжээ.

Сөрөг үзүүлэлтүүд цаашаа

Хятад улс дэлхийн хамгийн их хүн амтай улс. Тийм учраас бүх үзүүлэлт нь бусад улсаас “том” байдаг. Баян хүмүүсийн тоо нь дэлхийн дунджаас их байхад, ядуусын тоо нь бусад улсаас их. Хятадын хүн амын 503 сая хүн өдөрт нэгээс доош ам.долларын орлоготой бол 593 сая хүн 2-3 ам.доллароос бага орлоготой амьдарч байна. Бүтэн жилээр нь аваад үзвэл 21 сая хүн жилдээ 88 ам.доллараас бага орлоготой амьдардаг. Энэ бүх үзүүлэлт 2025 онд багасах ёстой. Дундаж давхарга нэмэгдэж, саятнуудын тоо буурч, ядуусын тоо хүн амын маш бага хувийг эзэлнэ. Туйлын ядуу иргэд хүн амын 2,2 хувьд хүрэх бол ядуу иргэд хүн амын 9,9 хувийг эзлэх ёстой. Гаргасан төлөвлөгөөгөөр бол их сайхан мэдээлэл. Хятадын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлж буйгаас харвал одооноос эхлэн ажилдаа оржээ. Магадгүй Хятадын үйлдвэрлэлийн салбар өсч байгаа нь үүнтэй уялдсан таатай мэдээлэл байж болох.
 
Тэдний зорьж буй томоохон үсрэлтийн нэг нь хүйсийн харьцаа. 2025 он гэхэд нэг айл-нэг хүүхэд бодлого устаж, түүний оронд хоёр, гурван ч хүүхэд төрүүлдэг болно. Гэхдээ үүнд бас нэгэн асуулт гарч ирэх нь тодорхой. Нэг айл-нэг хүүхэд бодлого хэрэгжиж эхэлснээс хойш хүйсийн харьцааг хадгалж чадахгүй л байна. Тийм атал 2025 он гэхэд энэ бодлогоо хаана гэдэг бол хүрэхэд хэцүү оргил байж болох талтай. Энэхүү бодлого хэрэгжиж эхэлснээс хойш аварга үсрэлтээ дарж чадсан гэдгийг хэлэхэд илүүдэхгүй. Гэхдээ нэгэн сөрөг үр дагавар гарсан нь үр хөндөлтийн тоо нэмэгдсэн явдал. Энэ нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын анхааралд өртөж, шүүмжлэлийн бай болдог асуудлын нэг юм.

Үүнээс гадна зорьсон өөр тэмүүллүүд ч бий. Хүнсний хангамжийг сайжруулна, нийгмийн халамжийг хүртээмжтэй болгоно, чөлөөт хэвлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хуульчилна гэх мэт. Жирийн ард иргэдийн тухайд яг одоо бол энэ бүх зүйл зүгээр л зүүд төдий байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Авлигатай нээлттэй тэмцэнэ

Төрийн өндөр албан тушаалтнуудын дансны мэдээллийг ил болгосноор авилгатай тэмцэнэ гэдгээ зарлаад байгаа. Гэхдээ хэрхэн, яаж. Сар бүр авилгатай холбогдох мэдээллийг төрийн төв хэвлэлээр олон нийтэд цацаж, сар бүрт тухайн улс төрчийн орлого хэрхэн өсч буйг хянах. Гэхдээ үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө олоод мэдчих чадваргүй учраас төрөөс энэхүү мэдээллийг олон нийтэд цацах ажээ. “Бид улс орны хөгжлийг хойш нь чангааж байгаа улстөрчидтэй хатуу тэмцэх болно. Энэ нь удирдах албан тушаалтан байна уу, гүйцэтгэх үүрэг хүлээдэг хүмүүс байна уу хамаагүй. Нэгэн жигд л байх болно. Яг одоогоор бид 15 гаруй албан тушаалтныг шалгаж байгаа” гэж Си Жинпин ярьжээ.
Гэхдээ энд тодорхой зүйл олон бий. Жишээлбэл, Төрийн зөвлөлийн дарга, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн даргыг хэн хянаж, шүүх вэ, үнэхээр коммунист намын удирдлагууд холбогдсон бол нууж, далдалж байгааг хэн мэдэх вэ, Хятадын төв хэвлэлүүдээр цацаж байгаа мэдээлэлд улстөрийн оролцоо байхгүй гэдгийг яаж мэдэх вэ? Одоогоор энэ бүх асуултын хариу яг таг тодорхой болоогүй л байна.

Олон улсад нээлттэй ч хаалттай байгаа Хятад оронд хаалга нээгдэж, салхи орох эхлэл тавигдаж байгаа гэж Хятадын удирдлагууд мэдэгдэж байгаа. Гэтэл бодит байдал дээр ард иргэдийн эрх ашгийг зөрчиж байна уу, мэдээлэл олж авах эрх нээлттэй байна уу гэдэг эргэлзээтэй. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хятад улс олон улсын томоохон мэдээллийн цахим хуудсуудыг хааж, цагийн болон үгсийн хязгаартайгаар нээж байгаа. Мөн томоохон гүрнүүд рүү цахим дайралт хийх нь өмнөхөөсөө нэмэгдсэн. Энэ цаг мөчид тэдний яриад байгаа энэ бүх зүйл бодит байдал уу, зүүд үү гэдгийг хэн ч мэдэхгүй.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж