Ой, модны салбарынхан чуулна

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Ой, модны салбарынхан чуулна

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Ойн арга хэрэгслийн тухай ойголт ба цаашид Монгол Улсад түүний хэрэгжилтийг хангах нь” сэдэвт уулзалтыг  ой, модны салбарын бүх оролцогч талуудын дунд зохион байгуулах гэж байна.  Уулзалт энэ сарын 27-ны өдөр Улаанбаатар зочид буудалд эхэлж, хоёр өдөр үргэлжлэх юм.

2007 онд НҮБ-ын Ойн чуулганаар ойн арга хэрэгслийн талаар дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлсон нь ойн тогтвортой менежментийг бүрдүүлэхэд  ач холбогдолтой болсон. Иймээс гишүүн орнуудын Засгийн газрын ойн талаархи  үйл ажиллагааны нэг чиглэл нь ойн арга хэрэгслийн болон түүний дэлхийн нийтийн дөрвөн зорилтыг   хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж үр дүнг  тайлагнах юм.

Өнгөрсөн сард  Турк улсын Станбул хотод болсон НҮБ-ын  Ойн чуулганы 10 дугаар хурлаар дэлхийн улс орнуудад Ойн арга хэрэгслийн хэрэгжилтийн явц,  байдлыг хэлэлцэж,  2015 онд болох 11 дэх хуралдаанаар улс орнуудад ойн арга хэрэгслийн хэрэгжилт явц байдалд үнэлэлт дүгнэлт өгч,  олон улсын хэмжээнд  ойн талаарх зохицуулалтын үр дүнг нэгтгэн дүгнэхээр болжээ.

Ийм учраас Байгаль орчин, ногоон хөгжлийн  яам НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон түүний Монгол улсад байгаа Төлөөлөгчийн газартай хамтарч уг уулзалтыг  зохион байгуулж байна.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж