Францчууд ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцсээр

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Францчууд ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцсээр

Франц улс хэдийнэ ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлаад байгаа боловч хуулийг эсэргүүцэгчдийн зүгээс тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Нийслэл Парис хотноо өчигдөр олон мянган хүн ижил хүйстнүүдийн гэрлэлтийн эсрэг жагсаалд нэгдэж, тэднийг хориглосон цагдаа нартай мөргөлдөжээ. Парисын цагдаа нарын мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалд 150 мянга гаруй хүн оролцсон байна. Харин жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс ижил хүйстнүүдийн гэрлэлтийн эсрэг сая шахам хүн дуу хоолойгоо нэгтгэсэн гэж мэдэгджээ. Түүнчлэн цагдаа нар болон жагсагчдын хоорондох мөргөлдөөний үеэр эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр 96 хүн баривчлагдсан байна. Парис хотноо болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хэв журам сахиулахаар 4500 орчим цагдаа үүрэг гүйцэтгэжээ.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн долоо хоногт ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хуульд гарын үсэг зурж, баталгаажуулсны дараа үүнийг эсэргүүцсэн нэрт түүхч Нотр-Дамын сүмд өөрийгөө буудан амиа егүүтгэсэн билээ. Эсэргүүцэгчдийн зүгээс Франсуа Олландыг хүчтэй шүүмжилж, ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хуульд тэднийг хүүхэд үрчлэн авахыг зөвшөөрснийг ихээр эсэргүүцэж байгаа аж.

ВВС-ийн сурвалжлагчдын мэдээлснээр ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хууль нь Францыг хоёр хэсэгт хуваагаад байгаа юм байна. Франц нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан дэлхийн 14 дэх, Европын ес дэх орон болжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж