Арлын зураачдын бүтээл эх газар буулаа

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Арлын зураачдын бүтээл эх газар буулаа

Японоос ямар мэдээ байна? Газар хөдлөлт, цунами… Үгүй дээ, энэ удаа арлаас тал нутгийнханд зориулсан сайхан мэдээ иржээ. Японы 200 зураач монгол түмэнд уран бүтээлээ дэлгэн үзүүлэхээр илгээсэн байна.


Монгол, Японы урлагийн “Эх модны баяр” арга хэмжээний хүрээнд Японы зураачдын “Ва но хоожю” үзэсгэлэн энэ сарын 20-нд Монголын олон улсын их сургуулийн (MIU) галерейд 12 цагт нээгдэнэ. Үзэсгэлэнд 259 бүтээл тавигдах бөгөөд ганцхан өдөр үргэлжлэх аж.


Үзэсгэлэнг зохион байгуулагч Японы “МҮҮ communications” компанийн төлөөлөгч Ёшиаки Тамура ”Бид өмнө нь 2005 оны зун Японы зураачдын үзэсгэлэнг Улаанбаатарт ажиллуулж байсан. Энэ удаа бид монголчуудад Японоос сайн мэдээ сонсгохын тулд цунамигийн гамшиг дундаас халуун сэтгэл өвөртлөн ирлээ. Япон хүмүүсийн зурагт буулгасан уран сэтгэмж, дүр төрх, байгаль, ахуйг үзэж сонирхох нь таатай мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн өгүүллээ.


Японы зураачдын уран бүтээлийн дараачийн буудал нь Францын нийслэл Парисын галерей юм байна.


Б.ЭНХЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж