
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлах захирамжийг энэ оны нэгдүгээр сард гаргасан билээ. Уг захирамжын дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг хоёр үе шаттай явуулж, эхний шалгаруулалт дөрөвдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-ныний хугацаанд Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болжээ.
Монгол цэргийн сүлд хийморийг илтгэсэн цэргийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, Зэвсэгт хүчний хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээ юм. 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсон эхний шатны шалгаруулалтаас шилдэг 9 анги буюу Зэвсэгт хүчний 013, 029, 032, 084, 120, 150, 326 дугаар анги, дотоодын цэргийн 805 дугаар анги, хилийн цэргийн 151 дүгээр ангиуд шалгарсан аж.
Шилдгийн шилдгийг тодруулах “Цэргийн ёслолын ажиллагаа”өнөөдөр 11.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Энэ үеэр “Монгол цэргийн жавхаа” уралдааны 2-р шатанд шалгарсан “Тэргүүний жагсаалч” ангиудын ёслолын жагсаалын үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ажиллагаа болох юм. “Монгол цэргийн жавхаа” уралдаан 23.00 цагт “Үдшийн цэнгүүн”-ээр өндөрлөнө. Цэнгүүнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн оролцон, уран бүтээлээ толилуулж, ёслолын буудлага буудах ажээ.