С.Ням-Очир “Мастерс”-ын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.26-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир “Мастерс”-ын аварга боллоо

Жин, жингийн шилдэг 16 бөхийн халз тулаан “World Masters”-ын эхний өдөр Монголын жүдочид таван медаль хүртлээ. Алт, мөнгөн медалийг ихэрлүүлж, хүрэл медалийн эзэд болов.

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос санаачлан зохион байгуулах болсон тав дахь удаагийн “Мастерс” энэ удаад ОХУ-ын Тюмен хотноо болж буй юм. Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд дэлхийн чансаанд эхний 16-д бичигдсэн шилмэл тамирчид энэ тэмцээнд зодоглодог. Монголын жүдочдын хувьд энэ жилийн тэмцээнд 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн барилдаан болж, Монголын 15 жүдоч “Мастерс”-ын татамид хүч сорилоо. Тодруудбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, 73 кг-д С.Ням-Очир, Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг, М.Уранцэцэг, 52 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Бундмаа, А.Цолмон, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдсанаас 73 кг-ын жингийн тэргүүн бөх, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, ОУХМ Д.Сумъяа нар алт, ОУХМ Г.Болдбаатар, ОУХМ А.Цолмон нар мөнгө, дэлхийн аварга Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртсэн юм. Мөн 60 кг-д Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, 48 кг-д М.Уранцэцэг нар медалийн төлөө барилдаж, тавдугаар байрт шалгарчээ.

Өнгөрсөн жилийн “Мастерс”-т 66 кг-ын жинд Монголын хоёр жүдоч түрүү булаалдаж, С.Мияарагчаа түрүүлж, Х.Цагаанбаатар удаалж байсан бол энэ жил 73 кг-ын жингийн хагас шигшээд мөн л Монголын жүдочид хоорондоо өрсөлдөв.  Тус тусын учраагаа ялснаар хэсгийн аварга болсон С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар хагас шигшээ барилдаанд өрсөлдөж, Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир юүко үнэлгээгээр ялсан. Ингээд аваргын төлөө Голландын жүдоч Декс Элмонтыг ялж, “Мастерс”-ын аваргаар тодорлоо. Жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлж буй тэрбээр ийнхүү чансаандаа 700 оноо нэмж, тэргүүлэгчийн байр сууриа бататгасан юм. Харин Х.Цагаанбаатар хүрэл медалийн төлөө Бразилийн Бруно Мендонкаг ялжээ. ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин тэрбээр ийнхүү “Мастерс”-ын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж байна.

Тэмцээний хуваарийн дагуу ням гаригт эрэгтэйчүүдийн 81, 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголын жүдочдоос -100 кг-д Б.Тэмүүлэн, Э.Энхбат, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-ын жинд Б.Мөнхтуяа нар барилдана.

С.ЦЭЛМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж