Хөрөнгийн зах зээлийн талаарх сургалт болно

Хуучирсан мэдээ: 2013.05.25-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийн талаарх сургалт болно

Хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалт тавдугаар сарын 27-нд эхлэх гэж байна. Сургалтыг санхүүгийн зах зээлд ажиллаж буй төрийн зохицуулах болон мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн багш нар хийх бөгөөд энэ үеэр хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг Монголын хөрөнгийн бирж дотор онол, дадлагыг хослуулан олгох ажээ. Мөн өндөр хөгжсөн орнуудын зах зээлээс манай дотоодын зах зээлийн онцлогын тухай сургалтын явцад хэлж өгөх юм байна. Монголын хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг  хангах, сонирхсон иргэд, оюутан, сурагчдад үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох байнгын болон цаг үеийн асуудлаар сургалт, семинар зохион байгуулах зорилгоор 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хөрөнгийн зах зээлийн сургалтын төв”-ийг байгуулсан бөгөөд энэ хүртэлх хугацаанд нийт 3000 гаруй хүн сургалтанд хамрагджээ.

Дэлхий нийтийн жишгээр хүн бүр хөрөнгө оруулагч болж, аль ч улсын хөрөнгийн зах зээлд оролцож ашиг олох боломж нээгдсэн энэ үед тус сургалтын төгсөгчид системтэй мэдлэг олж авснаар дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай болоод хөрөнгийн зах зээлийн тухай үндсэн ойлголтоо аваад төгсдөг тухай албаныхан онцоллоо. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mse.mn сайтаар болон 313747 дугаарын утсанд хандах авах боломжтой юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж