БТСГ-ын дарга паралимпчидийг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

БТСГ-ын дарга паралимпчидийг хүлээн авлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар Туркийн Анталия хотноо болсон хараагүйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчдыг өнөөдөр хүлээн авч, уулзлаа. Энэ сарын 1-10-ны өдөр Турк улсад болсон дэлхийн хараагүйчүүдийн IV их наадамд 64 орны 1500 гаруй тамирчин спортын долоон төрлөөр өрсөлдсөн юм. Монголын баг тамирчдын тухайд эрэгтэй долоо, эмэгтэй гурван тамирчин хөнгөн атлетик болон жүдо бөхийн төрөлд хүч сорьж, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилттай нутагтаа иржээ. Хөнгөн атлетикийн Т11 /хараагүй/ ангилалд ОУХМ Ж.Лхагважав, хөтлөгч А.Бакытын хамт 5000 метрийн зайд 19 минут, 01.00 секундын амжилтаар мөнгөн медаль зүүж, Монголын баг тамирчдын медалийн буухиаг эхлүүлсэн бол Г.Мөнхбат 10 метрийн зайд 35 минут, 12.00 секундын амжилт гаргаж, мөнгөн медаль хүртээд зогсохгүй Азийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Ингэснээр Монголын хөнгөн атлетикчид хоёр мөнгөн медаль хүртсэнээр энэ төрөлд оролцсон 36 орноос медалийн чансаагаар 18 дугаар байрт бичигджээ.

Харин жүдочдын хувьд долоон тамирчин зодоглосноос эмэгтэйчүүдийн 52 кг-д П.Болортуяа, эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Ганбат, -90 кг-д Б.Ууганхүү нар шагналт долдугаар байрт шалгарснаар “Лондон-2012” паралимпийн наадамд оролцох болзлоо хангажээ. Одоо Олон улсын паралимпийн хорооноос тэдний эрхийг албан ёсоор зарлах учиртай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж