
-Ажил хаялт эхэлсэн үү? Ажилчдын зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Өнөөдөр өглөөнөөс эхэлж үйлдвэрийн нэг ээлжийн 160 орчим ажилчин ажил хаялт зарлалаа. Бид ажлын өдрийг багасгах, нийт ажилчдын цалинг нэмэгдүүлэх гэсэн хоёр шаардлага тавьж байгаа. Жил гаруйн хугацаанд бид цалингаа нэмэгдүүлэхийн тулд тэмцлээ. Энэ хугацаанд цалин нэмсэн гэх нэрийдлээр долоогоос арван ам.доллар нэмсэн.
-Ажилчдын цалин хэдэн төгрөг байгаа вэ?
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын ажилчдын цалин ойролцоогоор мянган ам.доллар байдаг. Гэтэл манай компанийн ажилчдын дундаж цалин 300-400 ам.доллар л байгаа юм. Бид бүх ажилчдын цалинг 100 ам.доллароор нэмэхийг шаардаж байгаа. Ажилчид 40 хоног өдөр шөнөгүй амралтын өдөргүй ажиллаж байж энэ цалинг авч байгаа шүү дээ.
-Ажлын өдрийг багасгахыг шаардсан гэсэн?
-Тийм. 40 хоног тасралтгүй ажиллаж байгааг 28 хоног болгож багасгахыг шаардаж байгаа.
-Компанийн удирдлагууд ямар нэгэн хариу өгч байна уу?
-Эрх мэдэлтэй удирдлагууд нь бүгд биднээс зугтаад уулздаггүй, зарим нь БНХАУ-д байдаг. Харин өнөөдөр өглөө бүх цооногийг хаасан. Харин биднийг эхний ээлжинд 50 цооногийг ажиллуулж өгөөч, тэгэхгүй бол бид танай улсад “Монгол 93” бензин нийлүүлэхгүй гэж шантаачилж байна. Бидний шаардлагыг бүрэн биелүүлтэл бид ажил хаялтаа үргэлжлүүнэ.