Ухаарал, хайр байхад үйлдэл бүхэн зөв

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Ухаарал, хайр байхад үйлдэл бүхэн зөв

Дээрхийн гэгээнтэн, оюун ухааны их мастер гэгддэг Шри Шри Рави Шанкар багш дөрөв дэх удаагаа өөрийн биеэр манай улсад хүрэлцэн ирээд байгаа билээ. Түүний тэргүүлдэг “Амьдрах урлаг” олон улсын байгууллага нь анх 1981 онд байгуулагдаж байжээ. Эдүгээ тус байгууллага нь дэлхийн 156 оронд үйл ажиллагаагаа явуул­даг байна.

Харин манай оронд 1990-ээд оны дундуур анх Ц.Саранцэцэг багш “Шри Шри” амьдрах ур­лагийн бясал­галын хичээллийг зааж эхэл­сэн. Үүнээс хойш нийслэл хот бо­лон хөдөө орон нутагт нийт 100 орчим багш төрөл бүрийн сургалт, хөтөлбөрүүдийг явуулж байгаа аж.

Оюун ухааны их мастер Шри Шри Рави Шанкар багш нь хүн төрөлхтнийг хүчирхийлэлгүй, да­рамт шахалтгүй болгож амьд­ралын үнэ цэнэ, ач холбогдлыг сэргээх, мөн мянга мянган хүмүүсийг гэгээрлийн зам мөрт хөтөлж яваа гайхамшигтай хүн юм.

Үүнээс гадна хүн төрөлхтний үүрэг хариуцлагын хүрээг тэлж, эх дэлхийг илүү амар амгалан, сайн сайхан болгохын тулд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө энэ амьдралаа зориулж яваа нэгэн.

 Хүний бие дэх олон энергийн төвөөс долоог нь чухалчилжээ

Тэрбээр манай улсад ирсэн даруйдаа буюу энэ сарын 22-нд таван мянган суудалтай “Буянт-Ухаа” спорт цогцолборт долоон мянган сүсэгтэн олныг цуглуулж чадсан юм. Улмаар анх удаа “Чакра Крия” номыг баясалгалаа.

Учир нь Шри Шригийн дэлхийд бэлэг болгон өгсөн дасгалуудын арга барилууд дундаас чухалд тооцогддог дасгал болох “Чакра Крия” нь маш хүчирхэг амьсгалын дасгал бөгөөд хүний сэтгэл санаа, оюун ухаан, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж.

Шри Шри Рави Шанкар багшийн айлдсанаар хүний биед маш олон төрлийн энергийн төв байдаг бөгөөд шашны, номын хэлэнд түүнийг хүрд гэж нэрлэдэг байна. Харин эл хүрдүүдийн үйл ажиллагаа муу, бага байх аваас хүн эрч хүчээ алдаж амархан ядарч, сульддаг гэнэ. Нөгөө талаасаа тухайн хүний хүрд эрч хүчээр дүүрэн байвал хувь хүн чадварлаг, баяр баясгалантай, амар амгалан, сайхан байдаг юм байна.

Гэвч Оюун ухааны их мастер Шри Шри Рави Шанкар багш энэ удаагийн бясалгалдаа хүний бие дэх олон энергийн төвөөс зөвхөн гол гэж үзсэн долоон хүрдийг л чухалчилжээ.

Өөрөөр хэлбэл дараах долоон энергийн төв нь хүний бие эрүүл, ажил үйлс өөдрөг байх болон нийгмийн харилцаанд оролцох, буян заяа ариусахыг тодорхойлдог гэв.

Зарим үед бие нозоорч, ядрах нь хүний эхний хүрд болох ахар сүүлний орчмын үйл ажиллагаа хямарсаны шинж юм байна. Уг хүрд зөв байх аваас хүн сэргэлэн, цовоо, өөдрөг, эрч хүчтэй байдаг гэнэ.

Хоёр дахь нь бэлэг эрхтний ард байрлах хүрд бөгөөд бүтээлч байх эсвэл бэлгийн дур хүсэл нэмэгдүүлдэг аж. Харин бүтээлч байгаа хүнд бэлгийн дур хүсэл төрдөггүй бол эсрэгээр нь бэлгийн дур хүсэлтэй хүн бүтээлч байх боломжгүй байдаг байна.

Гурав дахь хүрд нь хүйс орчимд байрладаг аж. Энэ нь бидэнд өгөөмөр, нинжин сэтгэл, атаа жөтөө, шунал хорсол зэрэг мэдрэмж мэдрүүлдэг. Тухайлбал хүн ямар нэг зүйлийг харамлах сэтгэл төрвөл гэдэс эвгүйрхдэг байна. Учир нь хүйсэн дэх энерги өөрчлөгдөж хүрд буруу ажиллаж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр буян хийх үед ч гэдэс хямарч болдог аж.

Дараагийн хүрд нь цээжний голд хайр, айдас, хардалт гэсэн гурван мэдрэмж мэдрүүлдэг бай­на. Хайрлаж, дурласан үед хүн ямар нэг айдас, хардалтгүй амар амгалан байдаг. Хайрын энерги хүч дутахаар “Алдах вий, хуурах вий” гэх айдас мэдрэгддэг. Нэг үгээр хэлбэл амин энерги дутагдахаар хайрын энерги айдас, үзэн ядалт болж хувирдаг аж.

Тав дахь хүрд бол гомдол, талархал мэдрүүлдэг бөгөөд хүний хоолойд байдаг гэнэ. Учир нь талархаж, гомдоход хүний хоолой зангирдаг. Энэ нь хүрд ажиллаж байгаагийн илрэл юм байна.

Харин хоёр хөмсөгний хооронд ухаарал, уур уцаарын зургаа дахь хүрд бий. Ухаантай хүн уур­ладаггүй. Ухаанаа алдсан хүн тэнэг юм шиг уурладаг. Байнга уурлаад байна гэдэг нь энэ хүрд сөрөг мэдрэмж үзүүлээд байна гэсэн үг юм.

Долоо дахь буюу ивээл, өр­шөөлийн хүрд толгойн оройд байр­ладаг. Ивээж өршөөх ганцхан мэдрэмж энд байрладаг. Хүний бүх хүрд эерэг байвал энэ хүрд сайн ажилладаг ажээ. Эл мэдрэмжүүдээ хүрднийхээ тусламжтай өөрчилж улмаар өөрт ашигтайгаар эргүүлэх хэрэгтэйг Шри Шри Рави Шанкар багш хэлж хүмүүст дасгалыг хийж үзүүлж байлаа.

Тэрбээр “Бид энергээ өөрсдөө удирдах бүрэн боломжтой. Ийм атал үүнийгээ тэр бүр мэддэггүй. Улмаар сэтгэл хөдлөлийн золиос болох нь их байдаг. Тиймээс ийм хүрд байдгаа мэдэж, түүнийгээ зөв өөрчилж чадвал мунхаг амьдралаас салах болно” гэв.

Шри Шри Рави Шанкар хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэв

Дээрхийн гэгээнтэн, оюун ухааны их мастер Шри Шри Рави Шанкар хүрэлцэн ирсэн хоёр дахь өдрөө буюу өчигдөр Монголын хү­чирхэг эмэгтэйчүүдтэй уулзаж, “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” сэдэвт уулзалтыг зохион бай­гуул­сан юм.

Эл уулзалтад ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Баянсэлэнгэ, С.Одон­туяа, Д.Сарангэрэл болон МУГЖ Т.Ариунаа, өдөр тутмын сонинуудын Ерөнхий эрхлэгч нарын 20 эмэгтэй оролцож хүчир­хийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ.

Учир нь дэлхийн цөөхөн гэгээнт­нүүдийн нэг Шри Шри Рави Шанкар багш аливаа асуу­далтай нүүр тулгарах, түүнийг даван туулах арга зам, шийдлийг хувь хүн болоод нийгэм, олон үндэстэнд шийдвэрлэхэд тусалдаг. Энэ ч утгаараа тэрбээр дэлхий даяар ойролцоогоор 350 сая гаруй хүнд хувийн болон ний­тийн үйл ажиллагаа, сургалт, амьдрах урлагийн ажлын хэсэг, хүмүүнлэгийн чиглэлээр хүрч ажилласан байдаг.

Өөрөөр хэлбэл түүний санаач­лагуудын дотор зөрчилдөөнтэй асуудлыг шийдвэрлэх, байгалийн гамшиг, ядуу тарчиг амьдралтай хүмүүст туслалцаа үзүүлэх, эмэг­тэйчүүдийн эрхийг хамгаалах, шо­ронгийн хоригдлуудад хүмүүжил олгох, бүх нийтэд боловсрол олгох болон эмэгтэйчүүдийн үр хөндөлт болон насанд хүрээгүй хүүхдүүдийг хөдөлмөр хийлгэхийн эсрэг зэрэг олон хүмүүнлэгийн үйлс багтдаг аж.

Энэ хүрээнд тэрбээр Мон­голын лидер болсон 20 эмэгтэй­тэй өглөө­ний цай уунгаа “Хүчир­хийл­­лийн эс­рэг хамтдаа” сэдвээр чөлөөтэй, нээлттэй ярилцсан юм. Тухайлбал ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Шри Шри Рави Шанкар багшаас нийгмийн хавт­гайрсан архидалтыг багасгахын тулд яах ёстой, та юу хийх байсан бэ гэв.

Эл асуултад “Би лав архинаас гарахын тулд ус ууна. Учир нь ус бол хүний биед байгаа хорыг гадагшлуулдаг увидастай ундаа. Мөн би сэтгэлийнхээ зовлонг архиар тайлахгүй байсан. Оронд нь сайхан дуу дуулна. Дуу бол сэтгэлийн амар амгаланг бэлэглэдэг” гэж хариулсан юм.

Дараа нь Шри Шри Рави Шанкар багш олон мянган сүсэг­тэн олонд зориулж СТӨ-нд лекц уншлаа. Хүн хоёр хөл дээрээ гиш­гиж байж тогтвортой байдаг шиг бясалгал болон иогийг хийх нь эрүүл саруул, эрч хүч дүүрэн байхын эхлэл гэдгийг гэгээнтэн багш онцолж байлаа.

Харин Дээрхийн гэгээнтэн, оюун ухааны их мастер Шри Шри Рави Шанкар багш өнөөдөр нутаг буцна. Тэрбээр “Монголд “Шри Шри” бясалгал орж ирээд олон жил болж байна. Гэтэл энэ төрлийн нэг ч сургууль алга. Тиймээс танайд удахгүй бясалгалын сургууль барихаар төлөвлөөд байна” гэв. Мөн сэтгэлд ухаарал, зүрхэнд хайр байхад үйлдэл бүхэн зөв гэдгийг дахин дахин хэлж байсан юм.

Дашрамд дуулгахад Дээрхийн гэгээнтэн, оюун санааны их мастер Шри Шри Рави Шанкар багш маш олон шагнал, цол хэргэм хүртсэний дотор “Алтан гадас” одон (Монгол Улс), Агуу Петерийн шагнал (Орос), Сант Шри Дняанишварагийн дэлхийн энх тайвны шагнал (Энэтхэг улс), Дэлхийн хүмүүнлэгийн шагналыг (АНУ) тус тус хүртжээ.

Б.ТӨРБАТ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж