
Аялал жуулчлалын салбарыг Монголын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар бүхий л боломж нөхцөлийг судлан тодорхой бодлого, төлөвлөгөө гаргаж байгаа билээ. Харин үүний дундаас салбарынхаа эн тэргүүний чухал зорилт болох “тусгай сонирхолын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх чиглэлийг түлхүү баримтлан ажиллаж байгаа ажээ. Мөн тусгай сонирхолын аялал жуулчлалын төрөлд багтах шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр “Аялал Жуулчлалын Үндэсний Төв” “Буддын уламжлалыг дэмжин дэлгэрүүлэх ариусал төв” ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээнд тусгадсан ажлын хүрээнд Бурхан багшийн их дүйцэн өдрийг сүсэгтэн олонтой хамтран тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Үүний хүрээнд “Номын гэгээ” хөтөлбөрийг “Сэтгэлийн аялал” уриан дор энэ сарын 25-ны өдөр 12:00–21:00 цагийн хооронд “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулах ажээ. “Аялал жуулчлалын үндэсний төв”-өөс тус арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Их дүйцэн өдөр гэдэг нь Бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурханы хутгийг олсон, таалал төгссөн өдрүүд давхцдаг бөгөөд уг өдөр хийсэн буян, уншсан уншлага нь түм, түм болон үржинэ гэж ном сударт номлосон байдаг. “Номын гэгээ”-д хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон Өндөр гэгээний шашин соёлын төвтэй танилцах, бурхан багшид угаалга үйлдэх, дуу, анхилам үнэртэн, гэрэлт зул өргөх зэрэгт оролцох бөгөөд гэрэлт зул өргөхөөс бусад бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй явагдах юм. Харин дэлгэрэнгүй мэдээллийг 99896790, 330778 дугаарын утсаар авч болох ажээ.
Т.ДАРХАН