Нярай, эхийн эндэгдэл буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Нярай, эхийн эндэгдэл буурчээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үдэсний төвөөс өнөөдөр хэвлэл, мэдээллийн нээлттэй хаалганы өдрийг өөрийн байрандаа зохион байгууллаа. Өдөрлөгт тус төвийн захирал Ш.Энхтөр, Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал С.Хишгээ, хүүхдийн эмнэлгийн захирал Б.Баясгалантай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэг болон бусад мэргэжилтэн, эмч нар оролцлоо.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвөөс 2013 онд  эрүүл мэндийн байгууллагын шинэчлэл, хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн хангамж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Эхийн  эндэгдэл 2011 онд 48,7 хувьтай байсан бол 2012 онд 27 хувь хүртэл буурсан. Мэс засал хийлгэсэн нярайн 60 хувь нь энддэг байсан бол 2012 онд 26 хувь болж буурсан зэрэг статистик үзүүлэлтийг тус эмнэлгийн удирдлагууд танилцууллаа. ЭХЭМҮТ-д өвчний гуравдугаар шатанд орсон өвчтөн, архаг хууч өвчтэй, өвчин нь хүндэрсэн эхчүүд ирж амарждаг тул хариуцлагатай байх шаардлагатай байдаг аж. Тиймээс ч эмчилгээнийхээ чанарт анхаарлаа хандуулж, энэ жил шинэ тоног төхөөрөмж, шинэ зорилготой ажиллаж буй гэнэ.

Түүнчлэн нэмэлт эм тариаг өвчтнөөс гаргуулдаг асуудлыг халж, 100 хувь эмчилгээний зардлыг даадаг болсон байна. ЭХЭМҮТ-д 11 төрлийн мэс засал хийдэг бөгөөд бүгдийг нэг удаагийн хэрэгслээр хийдэг. Мөн эмнэлгийн гаднах тохижилтод анхаарч, засварласан. Танхим хооронд цахим мэдээлэл солилцох ажил хийж, долдугаар сард эхний үе шатыг дуусгахаар ажиллаж байгаа талаар танилцуулав. Мөн энэ оноос эхлэн хиймэл бөөрний тасгийн ажиллуулж байгаа юм байна. Гурван машинтай энэхүү тасагт 12 эх байнгын эмчлүүлдэг аж.

Төрөлхийн зүрхний цооролтой хүүхдүүдийн төрөлт нэмэгдэж байгаа өнөө үед хүүхдийн зүрхний лаборатори байгуулах шаардлагатай бөгөөд үүнд 400 гаруй сая төгрөг хэрэгтэй гэнэ. Уг лабораторийг Засгийн газраас шаардлагатай гэж шийдвэрлэсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах юм байна. Ингэснээр ургийг эхийн хэвлийд байхад нь  оношилж, төрснөөс хойш 24 цагийн дотор мэс засал хийдэг болох аж. Хүүхдийн зүрхний цоорхойг гадны оронд эмчлүүлэх гэж явдаг байсан бол одоо Монголдоо хийдэг болох боломж бүрдэж буйг эмч, удирдлагууд онцолж байлаа.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж