Танд аяллын сонин сайхныг дуулгая.
-Мотоциклийн аяллыг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ. Энэ удаагийн аяллын талаар сонирхуулахгүй юү?
-2008 оноос эхлээд тав дахь жилдээ Берлин-Улаанбаатар чиглэлээр мото аялал зохион байгуулж байгаа юм. Манай компанийн захирал ХБНГУ-ын иргэн Файт Щольц гэж эрхэм бий. Тэр хүн энэ аяллыг бие даан зохион байгуулж, өөрөө аяллын багаа замын турш хөтөлдөг. Аялалын зорилго нь мотоциклчдод эрх чөлөөг мэдрэх боломж олгодог. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн тавдугаар сарын 30 хүртэл ойролцоогоор нэг сарын хугацааг хамардаг юм.
-Аялал ямар чиглэлээр хэдэн километр замыг туулан Монголд ирж байна вэ?
-ХБНГУ, Польш, Латви, Литва, ОХУ, Монгол гэсэн зургаан улсын нутаг дэвсгэрээр нийт 10 мянган километр аялан Улаанбаатарт ирэх зорилготой аялал байгаа юм. Үүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, зөвхөн онгоцны аялал бус өөрсдийнх нь адал явдлыг оруулна. Мөн зургаан улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа энэ аяллын явцад тухайн улсын үзэсгэлэнт газрыг үзэн улс бүрийн зан заншил, амьдралын хэв маягийг нэг дор харж, дор бүр нь харьцуулалт хийгээд явах боломжтойгоороо онцлог.
-Энэ удаагийн аяллын багт хэдэн хүн багтсан бэ. 2008 оноос хойш монголчууд мото аялалд оролцож байсан болов уу?
-2009 оны аялалд Монголоос хоёр хүн оролцож байсан. Бусад нь олон улсын чанартай гадны аялагчид багтсан. Энэ удаагийн аялалд Австри, ХБНГУ-ын жуулчид хамрагдсан.
-Мэдээж жил бүрийн аялал өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг байх?
-Тийм шүү. Энэ жилийн хувьд өмнө нь дан эрчүүд оролцдог байсан бол энэ удаад хоёр эмэгтэй анх удаа оролцож байна. Насны ангиллын хувьд ч дан залуучууд мотоциклийн аяллыг сонирхдог байсан бол энэ жилийн аялалд 59 настай австри эмэгтэй, 64 настай австри эрэгтэй багтсан. Мөн мотоциклтой аяллын хувьд жил бүр ХБНГУ-ын Берлин хотоос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот гэсэн чиглэлээр аялдаг учраас бид гадагшаа аялуулдаг аялал санал болгодог. Аялагч маань заавал өөрийн гэсэн мотоцикльтой байх албагүй. Манай байгууллагын BMW 650GS загварын мотоциклиор аялж ирдэг учраас миний унаа энэ замыг туулах боломжгүй юм байна гэж санаа зовох хэрэггүй. Эсвэл би олон жил энэ л мотоциклиороо аялсан минийх үзүүлэлт сайтай гэсэн санал тавьсан тохиолдолд Улаанбаатарт ирснийх нь дараа манайх тээвэрлэлтийг нь хийж өгдөг. Бид аяллын турш мотоциклиор аялагчдынхаа аюулгүй байдлыг ханган үйлчилдэг.
-Энэ аялал цааш үргэлжлэх үү?
-Аяллын нэг дэх хэсэг Улаанбаатарт өндөрлөж байгаа. Хоёр дахь хэсэг нь ирэх лхагва гаригт Улаанбаатар-Владивосток-Магадан гэсэн чиглэлээр дахин гарах юм.
-ХБНГУ-аас гарсан багаараа энэ аяллыг үргэлжлүүлэх юм уу?
-Манай захирал Файт Щольц, ХБНГУ-ын иргэн энэ удаагийн хамгийн залуу аялагч эмэгтэйн хамт явна.
-Монголын яалагчид энэ аялалд оролцохыг хүсвэл хаана, хэрхэн хандах вэ?
-Манай аяллын үүд, хаалга хэн бүхний өмнө нээлттэй. “Талын үнэг” аялал жуулчлалын тур оператор компанийн www.mongolei.com цахим хуудсаар орж бидэнтэй холбогдоорой.

Тэрээр 59 настай, энэ аяллын хамгийн ахмад эмэгтэй аялагч гэнэ.
-Сонирхолтой, сайхан аялж ирлээ. Латви, Литва өнгөрөөд Екатеринбургт цастай байсан учраас цаг агаар хүйтэн, гэтэл бид мотоциклиор аялж явсан учраас саад бэрхшээл гарсан. Хамаг хүч чадлаа тэнд л зарцуулсан даа. Аялал маш их сонирхолтой байсан учраас сэтгэл хангалуун байна. Хамгийн сонирхолтой аяллыг ОХУ-д өнгөрүүлсэн. Хүмүүс нь аяллын турш нөхөрсгөөр хүлээн авч, соёлынхоо талаарх сонирхолтой түүхүүдийг ярьж өгч байсан.
-Аяллын явцад хоол, хүнсний асуудлаа хэрхэн зохицуулав?
-“Талын үнэг” компанийн захирал Файт Щольц аяллыг удирдан явуулсан. Биднийг халуун хоолоор таслаагүй шүү. Өдөр бүр хүнсээ базаан аяллын турш тэр өөрөө тогооч, хөтөч, жолооч гээд бүхнийг хийж явсан.
-Та хэдэн жил мотоцикль унаж байна?
-Найман жил мотоцикль унаж байна. Энэ аялал бол миний хувьд анхны урт замын аялал байлаа.

Австри улсын иргэн. Тэрээр энэ аяллын багийн хамгийн ахмад, хамгийн туршлагатай мотоцикльчин. Өдгөө 64 настай ч 10 мянган киломерт замыг ажрахгүй туулан Улаанбаатарт иржээ.
-Аяллын сонин сайхнаасаа дуулгахгүй юү?
-Нэлээд урт, хүйтнийг туулсан сонирхолтой аялал байлаа.
-Хэдэн жил мотоцикль унаж байгаа вэ?
-25 жил.
-Өмнө нь холын замын мото аялалд оролцож байв уу?
-Европын холбооны улс дотроо 600-7000 километр хүртэлх замуудыг туулж байсан. Яг энэ аялал шиг холын замын аялалд анх удаа оролцлоо.
-Берлинээс Улаанбаатар хүртэлх энэ аяллыг ямар шалтгаанаар сонгосон бэ?
-Би мотоциклиор аялалх дуртай. Энэ л аялалд гарах гол шалтгаан байсан. Мөн аяллын маршрут маш их таалагдсан. Би дараа нь нэг нэгээр нь аялж явж чадахгүй учраас нэг дор үзэх боломж нь таалагдсан. Түүнчлэн Азийн орнууд миний сонирхлыг хамгийн ихээр татсан.
-Монголд ирээд ямар санагдав?
-Хамгийн түрүүнд монгол хоол миний сонирхолыг их татлаа. Өвөрмөц юм аа. Зам зуур явж байхад монголчууд их нөхөрсгөөр хандан, Улаанбаатар хотод орж ирээд явж байхад монгол хүн германаар надтай ярьсан нь маш гоё сэтгэгдэл төрүүллээ.

ХБНГУ-ын иргэн. 43 настай аялагч юм.
-Холын аялал таалагдав уу?
-Энэ аялалд гоё баг бүрдэж явсан учраас аяллын уур амьсгал маш сайхан байсан. Аяллын зохион байгуулалтыг магтмаар байна. Хүйтнийг эс тооцвол гайхалтай аялал байлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Африкт 3000 километрийн мотоцикльтой аялал хийсэн. Энэ аялал бол миний хувьд хамгийн урт зам туулсан аялал боллоо.
-Хэдэн жил мотоцикль унаж байна вэ?
-1992 оноос хойш л унаж байна даа.
-Энэ аяллыг сонгох болсон шалтгаан тань?
-Аяллын хувьд би удаан хугацаанд төлөвлөөгүй ээ. ОХУ-аар аялах бол миний мөрөөдөл байсан. Монгол руу чиглэсэн аяллыг ч хийж үзмээр санагдаад энэ аяллын талаар сонгоод л хоёрхон хоногийн өмнө надад таалагдаад шуудхан шийдсэн.Katrin Haase
ХБНГУ-ын иргэн, аяллын багийн хамгийн залуу гишүүн. 39 настай хуульч бүсгүй дэлхийг мотоцикльтой тойрох мөрөөдлөө биелүүлэхээр ажлаасаа бүтэн жилийн чөлөө авч, энэ аяллаар гараагаа хийжээ.
-Багийнхан тань аяллын явцад хамгийн хүнд хэцүү асуудал бол хүйтэн гэж ярилаа. Таны хувь?
-Миний хувьд бүтэн жилийн хугацаанд ажлаасаа чөлөө авсан байгаа. Дэлхийг мотоцикльтой тойрох мөрөөдлөө биелүүлэхээр аяллаа эхлүүллээ. Дэлхийг тойрох аяллаа хамгийн хэцүүгээс нь буюу Монголоос эхэлж байгаадаа сэтгэл хангалуун байна.
-Та ямар мэргэжилтэй вэ. Дэлхийг мотоциклиор тойрон аялах гэж байгаа юм чинь олон жил энэ спортоор хичээллэсэн байх?
-Би хуульч мэргэжилтэй. Одоо ХБНГУ-ын Засгийн газарт ажилладаг. ХБНГУ-д жолооны үнэмлэх авах насандаа хүрмэгцээ л би шууд мотоциклийн үнэмлэх авсан. Одоо 20 жил мотоцикль унан, аялж байна. Миний аяллууд дээд тал нь 6-7 долоо хоног л үргэлжилдэг байлаа. Энэ удаад зорилго тавьж мөрөөдлөө биелүүлэхээр гарлаа.
-Дэлхийг тойрох аялалдаа нийт хэдэн километр замыг туулахаар төлөвлөв?
-70 мянган километр замыг туулахаар төлөвлөсөн. Сая 10 мянган километр зам туулаад ирлээ. Дараагийн аялал 6000 километр, тэгээд цаашаа Аляск гэх мэтчилэн явна даа.
-Амжилт хүсэе!
-Баярлалаа.




