Шинэ титэм вирус Тунист тархжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Шинэ титэм вирус Тунист тархжээ

Титэм вирусийн (nCoV) шинэ төрлөөр өвчилсан Тунисийн иргэн Монастир хотын захын дүүргийн эмнэлэгт нас барсан тухай мэдээлэл гарав. Тэр эрэгтэй Меккад хаж хийгээд эргэн ирснээс хойш дөрвөн өдрийн дараа вирусийн халдвараар нас барсныг Тунисийн Эрүүл мэндийн яам мэдээлээд байна. Эцгийгээ дагаж явсан түүний насанд хүрсэн хоёр хүү нь бас халдвар авсан байв.
 
Чихрийн шижин өвчтэй 66 тунис хүн Саудын Араб ба Катарт даяанчлал хийгээд тавдугаар сарын 6-нд буцаж ирсний дараа нь түүний амьсгалын замд хүндрэл гарчээ. Тэр тавдугаар сарын 10-нд нас барсан байна. Шинэ вирусийн халдвар авсан түүний 35 настай охин нь одоо эдгэрээд байгаа гэнэ. Хүүд нь уг вирус илэрсэн ч  өвчний шинж тэмдэг  хурцдаагүй байгаа ажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр (ДЭМБ), nCoV вирусээр Меккад даяан хийсэн хүмүүсээс өвчилсөн хоёр дахь тохиолдол нь энэ боллоо. Африкийн хувьд энэ нь уг вирус илэрсэн анхны тохиолдол болж байна. “Тунисийн тохиолдол  nCoV  вирустай холбоотой эрсдлийн үнэлгээнд нөлөөлөөгүй ч шинэ вирус тархаж буйг харууллаа” гэж ДЭМБ-ын төлөөлөгч Грегори Хэртл (Gregory Hartl) мэдэгдэв.

Өнгөрсөн оны есдүгээр сараас титэм вирусийн шинэ төрөл гарч ирсэн ба 2013 оны тавдугаар сарын 18-ны байдлаар nCoV халварыг 41 тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр тогтоосны 20 нь үхлийн төгсгөлтэй байв. Саудын Арабд хамгийн олон 22 хүн шинэ вирусаар өвчилснөөс ес нь нас баржээ.

Ойрхи Дорнодын Иордан, Катар, Арабын Нэгдсэн Эмиратад уг өвчин бүртгэгдээд байна. Герман, Их Британи, Францад вирусийн халдвар илэрсэн нь арабын орнуудад очсоны улмаас үүдэлтэй байжээ. Вирусийн голомт тогтоогдоогүй байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Голландын микробиологч Рон Фаучиер (Ron Fauchier)  nCoV вирусийн геномын судалгааны дүнгээ нийтлүүлсэн юм. Сарсан багваахайн вирустай төстэй байсан учраас уг вирусийг амьтнаас гаралтай гэж үзжээ. ДЭМБ-ын мэдээллийн дагуу вирус нь амьтнаас хүнд, мөн хүнээс хүнд дамждаг байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж