Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

“Англи төлөвлөгөө”

Их Британи ЗХУ-ын эсрэг цуврал ажиллагаа явуулахаар бэлтгэж байжээ

Британийн цэргийн тагнуулын алба Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын эсрэг чиглэсэн цуврал ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байжээ.

Үндсэний архивт хадгалагдаж байсан эдгээр төлөвлөгөөг The Guardian сонин ил болголоо.

Баримтаас үзэхэд, дайны дараа ЗХУ-ын тэргүүлсэн “социалист блок” цаашид өргөжин тэлж байсанд Их Британи ихэд зовниж байсан бөгөөд энэ байдлыг зогсоохын тулд MI6 албанд тусгай төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх үүрэг өгч байсан аж.

Төлөвлөгөөг тухайн үед байлдааны тагнуулын албыг удирдаж байсан Стюарт Мензис гардан боловсруулжээ.

Төлөвлөгөөнд, хоолны тасалбар, баримт бичиг, мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр хуурамчаар үйлдэж зөвлөлтийн иргэдийн дунд тараах, айлган сүрдүүлэх замаар ёс бус хэрэг үйлдүүлэх, төмөр зам, галт тэргийг дэлбэлж утгах төлөвлөгөө байжээ.

Стюарт Мензис өндөр албан тушаалтны амь насанд халдах аргаас татгалзаж, үүний оронд удирдагчдыг янз бүрийн аргаар хутган үймүүлж хагаралдуулах нь илүү үр дүнтэй гэж үзсэн байна.

Тухайлбал тэднийг хулгайлж, ард түмний дунд “Хөрөнгөтөн орон руу зугтсан” гэсэн сэтгэгдэл төрүүлэх нь ЗХУ-ын эсрэг том суртал ухуулга болох учиртай байжээ. Их Британи ЗХУ-тай холбоотойн болж, Гитлерийн Германыг ялсан, гэвч араас нь ийм ажил хийхээр завдаж байсан нь хачин. Төлөвлөгөө бэлэн болж хэрэгжүүлэх л үлдсэн боловч эцсийн эцэст цаасан дээрээ үлдсэн байна.

Уг нь эрх баригчдын зүгээс үүрэг өгч бэлдүүлсэн ч яг баталдаг дээрээ тодорхой саад гарч иржээ. Тэр үед Гадаад хэргийн сайд байсан Эрнст Бевин төлөвлөгөөг дэмжсэнгүй.

Тэрбээр Стюарт Мензист “Бид удирдахад хэцүү байгаа хүчээ гараасаа алдана. Таны төлөвлөгөө дайны нөхцөлд тийм ч сайн тохирох төлөвлөгөө биш байна” гэсэн үгтэй захидал бичиж, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Лондон Социалист блокийн орнуудтай харилцаагаа муутгахыг хүссэнгүй. Тэр ч байтугай, шинэ дайн нь бүр илүү хүнд болж мэдэх учраас АНУ-д хандан ЗХУ-ын эсрэг хурц алхам хийхгүй байхыг хүртэл хүсчээ. Нэгдсэн улс энэ үед яг Стюарт Мензисийнхтэй төстэй төлөвлөгөө боловсруулж байсан аж.

Их Британийг ийм аядуу зөөлөн бодлого барихад хүргэсэн хүн бол хожим ЗХУ-АНУ-ын харилцааг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэсэн, америк дипломат Жорж Кеннан аж. Лондоны идэвхитэй ятгалгад автсан Вашингтон эцэстээ ЗХУ руу хорлон сүйтгэгч-цагаач илгээхээ больсон байна. Харин Зүүн Европт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхаар тохиролцжээ.

Х.БАТСАЙХАН
    Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж