&#34Шуранхай&#34 хамтлаг яагаад тарсан бэ?

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

&#34Шуранхай&#34 хамтлаг яагаад тарсан бэ?

Б.Номин-Эрдэнэ: Үнэнийг хэлэхэд ашиг сонирхлын зөрчлөөс болж хамтлаг маань тарсан

Энэ удаагийн “Зогс, нэг агшин” буландаа нэгэн цагт “Шуранхай”  хамтлагаар овоглож явсан  дуучин Б.Номин-Эрдэнийг урьж ярилцлаа.

-Дуучин Б.Номин-Эрдэнээр сонин юу байна. Хамтлагаасаа яагаад гарчихав аа?

-Ажил ихтэй л байна. Монгол үндэсний урлаг гадаадын экспортод гарах цаг үе нь нэгэнт болсон байна. Цаг зуурын бөгөөд хувь хүмүүсийн сонирхлоос болоод “Шуранхай” хамтлаг маань уран бүтээлээ хийхээ больсон. Мэдээж  морин хуур,  уртын дууг бүтэн цаг сонсох, нэг уран нугараач цаг нугарах нь  үзэгчдэд тэр болгон хүлээн зөвшөөрөгдөж  чадах уу, үгүй юу. Яагаад гэвэл тэр чинь  үндэсний урлаг учраас өөрийн гэсэн үзэгчийн хүрээ байдаг. Бид хамтрахаа болиод удаж байна.

-“Шуранхай” хамтлагийг эргэж нэгдээд, уран бүтээлээ туурвих гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ бол худлаа мэдээлэл байна. Бид эргэж нэгдэхгүй байх. Дахиж тайзан дээр хамтдаа гарах эсэхийг зөвхөн цаг хугацаа харуулна. Тиймээс хэзээ ч дахиж нэгдэхгүй, тайзан дээр хамтдаа гарахгүй гэж хэлж чадахгүй.

-Шинэ хамтлаг байгуулсан гэсэн. Уран бүтээлээ туурвиж байна уу?

-Олон нийтийг хамруулахын тулд уран нугараач, хөөмийч, морин хуурч бүсгүйчүүдтэй хамтран хамтлаг байгуулж, санаа  нэгдэн уран бүтээлээ монголчууддаа болон дэлхийн бусад оронд үндэсний урлагаа таниулах зорилготойгоор “Ногоон хатад” шинэ хамтлаг байгуулсан. Уг нь зүрх сэтгэлээрээ нэгдэж хамтарч бүтээлээ хийхээр нэгдсэн юм. АНУ-аас продюссер урьж, японы уран бүтээлчидтэй хамтраад уран бүтээлээ хийхээр бэлдсэн байсан. Гэвч яг үнэнийг хэлэхэд ашиг сонирхлын зөрүүгээс болоод хамтлаг маань тарсан. Бүгд тус бүрдээ чадалтай, чансаатай уран бүтээл туурвидаг хүмүүс байсан болохоор гэрээ байгуулахад асуудал гарсан л даа. Тиймээс ашиг сонирхлын зөрчлөөс болоод хамтлаг маань тарсан. Дөнгөж уран бүтээлийн гараагаа эхэлж байхад ингэж байгаа юм чинь цаашид үүнээс илүү юм болох нь ойлгомжтой байсан л даа. Тиймээс бид өөр хоорондоо ярилцаад л тарцгаасан.

-Өнгөрсөн өвөл гурван цомгоо худалдаанд гаргасан. Сүүлийн үед шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Өнгөрсөн өвөл би “Сэтгэл”, “Тэмүүлэл”, “Мөрөөдөл” нэртэй гурван цомгоо худалдаанд гаргасан. Нэг нь этник, нөгөө нь DVD, морин хуурын чуулгатай хамтарсан бүтээл болсон. Харин яг одоо баруун монгол ардын дууг бэлэн болгоод байна. Үүнийгээ үүрэн телефоны компаниудад санал болгохоор төлөвлөсөн. Гэхдээ сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү өөр чиглэлийн ажилд анхаарлаа хандуулаад байгаа.

-Арай өөр салбар руу урвах гэж байгаа юм биш биз?

-Яг ч тэгж хэлж болохгүй л дээ. Гэхдээ судалгааны ажилд анхаарлаа хандуулаад байна.

Х.ЖАРГАЛ
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж