
Хавцал хэмээх газрын чулуун байшингийн хашаанд нийт 2183 ширхэг буюу 67,51 шоо.метр нойтон хус, улиангар, хар мод /шинэс/-ыг эрхийн бичиггүйгээр бэлтгэн хадгалж байсныг шалгалтаар илрүүлэв. Моддыг төрөл бүрээр нь тоолж багцлан хурааж аваад байна. 3.9 метрийн дундаж урттай, 9.3 сантиметрийн дундаж голчтой 941 ширхэг буюу 29,17 шоо.метр хус, 3.9 метрийн дундаж урттай, 9.3 сантиметрийн дундаж голчтой 1080 ширхэг буюу 33,48 шоо.метр улиангар, 3.9 метрийн урттай, 13 сантиметрийн голчтой 81 ширхэг буюу 4,86 шоо.метр хар мод тоологдлоо.
Хашааны сахиул О.Ууганбаярын мэдүүлснээр дээрхи моддыг 2011 оны 1-2 дугаар сард Улаанбаатар хотын "Барс" захын ченж Улаанаа гэх этгээд бэлтгэж хадгалуулсан аж. Хууль бус мод бэлтгэж хадгалахад хүлээлгэх хариуцлагын талаар иргэн О.Ууганбаярт зөвлөж, хэргийн холбогдогчдыг олж шийдвэрлэтэл дээрх моддыг алдаж дутаахгүй байх сануулга өгөв. Мөн хашааны эзэн н.Батжаргалтай холбогдон мод бэлтгэж хадгалуулсан хүнийг уулзуулах, өөрт холбогдох асуудлыг шийдүүлэхийг үүрэг болголоо.
Их хэмжээний нойтон модыг сум дамжин бэлтгэж, том оврын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авчирч хадгалсан энэ хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид ажиллаж байна.
Дашрамд онцлоход, Ойн тухай, Байгаль хамгаалах тухай болон Эрүүгийн хуульд заасан байгаль орчин, ой модоо хамгаалах иргэний эрх, үүргийн дагуу гэмт хэргийн мэдээллийг шуурхай хүргэж байгаа нь иргэдийн хууль зүйн мэдлэг дээшилснийг илтгэж байна гэж Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Т.Түвшинтөгс мэдээллээ.