
Өдгөө 47 насны босго алхаад буй тэрээр урлагт хөл тавьснаасаа хойш шоу бизнест амжилттай явж буй дэлхийн хэмжээний од болон хүлээн зөвшөөрөгдсөн. Америкийн “Variety” сэтгүүлд мэдээлснээр түүнийг энтертайнмент ертөнц дэх гайхамшигтай амжилтынхаа ачаар тэрбумтнуудын эгнээнд хүртэл бичигдэх болсон гэжээ.
Жанет аялан тоглолтуудаасаа л гэхэд 458 сая ам.доллар, Эдди Мёрфигийн “The Nutty Professor II”, Тайллер Перригийн “For Colored Girls” зэрэг box office-ийн хит болж байсан кино бүтээлүүдээс 304 сая ам.доллар, цомгийнхоо борлуулалтаас 268 сая ам.доллар, зар сурталчилгаа болон бусад ивээн тэтгэгчидтэй хийсэн гэрээгээр 81 сая ам.доллар олсноор ийнхүү тэрбумтнуудын жагсаалтад бичигдэж байгаа юм байна.
Сүүлийн үед томоохон шинэ кино уран бүтээлүүд дээр ажиллаж буй Жанет дээрх амжилтаараа Холливудын нэрт найруулагч Стивен Спилберг, ток шоуны хатан хаан Опра Уинфри, алдарт “Харри Поттер”-ийн зохиолч Ж.К. Роулинг нарын дэлхийн баян элитүүдтэй эн зэрэгцжээ.
Э.АНХТУЯА
