В.Якунин Монголоор дайруулах санал тавьсан уу

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

В.Якунин Монголоор дайруулах санал тавьсан уу

В.Якунин Ерөнхий сайдтай уул­заад буцах үедээ хэд хэдэн санал тавьсны нэг нь Оросоос Хятад руу тавих хоолойтой холбоотой хэмээн хэвлэлээр бичиж байна. Тэр нь монголчууд төмөр замынхаа 50 хувийг хойд хөршийнхөө мэдэлд оруулбал оронд нь Хятад руу тавих хоолойг Монголоор дайруулж болох юм гэсэн санаа. Хойд хөршөөс урд зүг рүү байгалийн хий тээвэрлэхдээ ашиглах хоолойгоо Монголтой хол­бох тухай яриа нэг хэсэг гарч байсан. Тэгэхээр В.Якунин үнэхээр тэгж хэлсэн бол түүний үг дээрх яриатай холбогдож болох юм.

Оросууд уг нь байгалийн хийгээ Украйн, Словак, Чех, Польшийн нутаг дэвсгэрээр дамжуулан Европ руу гаргадаг. Гэхдээ ганц зах зээлээс хараат байсныг нь ашиглаж, Украйн мэтийн жижиг улсууд үе, үе хориг тавьчихдаг байв. “Хэрэв манайд байгалийн  хийгээ хямдхан өгөхгүй бол танай бүтээгдэхүүнийг Европ руу гаргахгүй” гэх мэтээр үзнэ. Украйны Ерөнхий сайд асан Ю.Тимошенко нэг хэсэг ингэж В.Путиныг сандаргаж байлаа. Ийм байдлыг дахин давтахгүйн тулд оросууд “Nord Stream”, “South Stream” зэрэг төслийг хэрэгжүүлж, тэнгисийн гүнд байгалийн хий дамжуулах хоолой барьж, Европ руу түүхий эдээ гаргахаар болсон. Түүнээс гадна хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй Азийн зах зээл рүү гарахыг эрмэлзэх болсон. Өмнөд Солонгос, Япон, Хятад гэх мэт томоохон орон оросуудын сонирхлыг татаж байгаа юм. Харин тэр дундаас Хятад руу тавих хийн хоолойн асуудал нь Монголын эрх ашигтай холбогдож  байна.

Баруун Сибириэс Хятадын баруун хойд хэсэг хүртэл үргэлжлэх 2600 километр урт хийн хоолой барих “Алтай” төслийн тухай нэлээд эртнээс ярилцаж байгаа. Гэх­дээ хоёр тал үнийн хувьд тохиролцож чадаагүйгээс болж цаа­сан дээрх төсөл бодит болж чадах­гүй байжээ. Харин Хятадын Ерөн­хий­лөгч Ши Жинпин өнгөрсөн хавар Орост айлчилсан. Энэ үеэр “Алтай” төслийг хариуцаж байгаа “Газпром” компани Хятадын Үндэс­ний шатахууны корпорацитай гэрээ байгуулж, тус улсад 30 жилийн хугацаанд 38 тэрбум куб.метр бай­галийн хий нийлүүлэхээр бол­сон. Тэд энэ ажлаа 2018 онд эхлэх юм. Түүнчлэн Хятадын хөгжлийн банк “Газпром”-д олон тэрбум ам.дол­ларын зээл олгохоор болсон. Энэ нь хоёр тал тодорхой хэмжээнд тохиролцоонд хүрч эхэлсний тэмдэг бололтой. Тиймээс шинжээчид Оросыг Хятадтай холбох хийн шинэ хоолой барих ажил удахгүй эхэлж магадгүй гэж дүгнэжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Моск­вад Олон улсын эрчим хүчний форум болсон. Тэр үеэр Ази, Номхон далайн бүс нутаг руу эрчим хүч экспортлохын тулд Монголоор дайруулж хийн хоолой барих хэрэгтэй гэдгийг зарим судлаач хэлж байжээ. “Газпром”-ын хувьд өн­гөрсөн оны эцсээр “Eastern Gas” хөтөлбөрийг  хэрэгжүүлж, шинэ хоо­лой барихаар шийдвэрлэсэн боловч үүнд зарцуулагдах 45-85 тэрбум ам.долларын хөрөнгийг гаргах чадалгүй гэж үзэж байв. Тэгэхээр тус компани аль болох хямд үнээр хийн хоолой байгуулах сонирхолтой гэсэн үг. Үүнийг нотолж, В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид эрчим хүч тээвэрлэх гарцыг боловсруулахдаа эдийн зас­гийн нөхцөлийг чухалчилна” гэж байв. Тэд шинэ төслөө өмнө нь яриад орхигдсон “Алтай” гэх үү, эсвэл өөрөөр нэрлэх үү гэдэг нь чухал биш. Хамгийн гол нь Хятад руу чиглэсэн шинэ хоолойг хямд зардлаар барья гэвэл дамжин өнгөрөх газар нь Монгол, Казахстан хоёрын нэг болж байна. Оросуудын хувьд энэ хувилбарыг хамгийн түрүүнд санал болгосон. Тэр дун­даа хэрэв Монголын нутгаар дамжуулахаар болбол хоолойны уртыг 1000 орчим километрээр багасгаж, нэлээд зардал хэмнэх боломжтой аж. Харин Хятадын тал үүнийг яах вэ гэдэг нь тодорхойгүй. Учир нь тус улсын эрх баригчид хүн ам ихээхэн төвлөрсөн зүүн бүс рүүгээ эр­чим хүч татах сонирхолтой байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэлээд дээхнэ “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа “Байгалийн хийн хоолой байгуулах төслөөс манай улсыг битгий гаргаач гэж хоёр хөр­шөө ятгаж байгаа. Хятад, Оросын тал энэ талаар анхаарч үзнэ гэдгээ илэрхийлсэн” хэмээн дурьдсан бай­даг. С.Батболдыг Ерөнхий сайд байх үед ч бас үүнтэй холбоотой санал гарч байсан бололтой. Харин Оросын Нефть хийн аж үйлдвэрийн холбооны ахлах шинжээч Р.Танкаев “Монголчууд иймэрхүү саналыг нэг бус удаа гаргаж байсан. Гэх­дээ тухай бүрт нь Хятадын тал эсэргүүцдэг. Учир нь тэд энэхүү транзит тээврийг монголчууд ямар ч зорилгоор ашиглаж болно хэмээн болгоомжилдог бололтой. Хятадын зах зээл рүү нэвтрэх сонирхолтой Оросын тал урд хөршийнхөө тавьсан болзол бүрийг биелүүлэхэд бэлэн байгаа” хэмээн ярьж байжээ. Гэхдээ ямар ч гэсэн одоогоос хэдэн жилийн өмнө “Газар нутаг дээрээ ямар ч хийн хоолой бариулахгүй” гэж гэдийж байсан манайхан одоо хоёр хөршөө аргадаж, яаж ийж байгаад шийдвэрийг нь эргүүлчих санаатай үзэж байгаа бололтой. Тэгэхээр В.Якунин Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах үеэрээ төмөр замаас хувь эзэмшиж, оронд нь байгалийн хийн хоолойг Монголоор дайруулж барих санал тавьсан бай­хыг үгүй гэх газаргүй юм.

Монголын хувьд иймэрхүү транзит тээврээс маш их ашиг олох боломжтой гэж үздэг. Эр­чим хүчний эх үүсвэртэй болж нүүрсний хэрэглээгээ эрс багасгана. Ца­хилгааны нөөцтэй болохын хэрээр Оюутолгой, Тавантолгой мэтийн томоохон төслүүдийн зардлыг хэм­нэнэ. Энэ мэтчилэн олон эерэг үр дагавартай. Оросуудын тавьсан саналын дагуу Монгол, Казахстан орчмоор хоолой барих “Алтай” төслийг байгаль хамгаалагчид хүч­тэй эсэргүүцэж байв. Учир нь Алтайн уулс дэлхийн өвд тооцогддог, байгалийн үзэсгэлэнт газар юм. Хэрэв тэнд хийн хоолой барихаар бол байгаль орчин нь ихээр сүйдэж, голын урсгалд өөрчлөлт орж, ховор ан амьтад устаж аюул байгаа аж. Тиймээс ЮНЕСКО болон Дэлхийн өвийн хорооноос анхааруулга гар­гаж байжээ.

 Т.ЭЛИСА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж