Нэр дэвшигчдэд урилга илгээлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдэд урилга илгээлээ

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар өнөөдөр Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөний урд маргааш болох гэж буй “Андгай” тоглолтын урилга, “Мөнх хөх тэнгэр” цомгоо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван эрхэмд алд цагаан хадгийн хамт гардуулах ёслол хийлээ.

Гурван уран бүтээлч өвөг дээдсээс уламжлал ирсэн өв соёл, түүхээ дээдлэн мөнх хөх тэнгэрээрээ билэгдэн нэрлэсэн “Мөнх хөх тэнгэр” цомгоо олны хүртээл болгоод удаагүй байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сард VIP хүрээнд “Мөнх хөх тэнгэр” цомгийн баяраа “Андгай” нэртэйгээр тэмдэглэсэн тэд энэ удаад энэ сарын 24, 25-нд буюу маргааш, нөгөөдөр 19.00 цагт “UB Palace”-ын концертын их танхимд “Мөнх хөх тэнгэр”-ээр “Андгай” өргөх тоглолтоо дахин үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ.

Тиймээс энэ цаг үед төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн ажил өрнөж байгаа учраас “Мөнх хөх тэнгэр” цомгийнхоо уран бүтээлийн цэнгүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг урьсан юм.   Ах, дүү гуравын “Мөнх хөх тэнгэр” цомогт Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров,  Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, “Харанга” хамтлагийн гитарчин, ая зохиогч Я.Одсүрэн, “New Star” студийн продюсер, хөгжмийн зохиолч С.Гантөр нарын Монголын яруу найраг, хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан юм.

 “UB Palace”-ын их танхимд маргааш, нөгөөдөр хоёр өдөр 19.00 цагт ах дүү гурав “Мөнх хөх тэнгэр”-ийн дор “Андгай” өргөх юм. Тоглолтын тасалбар 25 мянган төгрөг бөгөөд “UB Palace”-ын касс, 1199 тусгай дугаарт захиалан аваарай.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж