
Венесуэлийн Үндэсний ассамблейгаас улсынхаа иргэдийг ариун цэвэр сахихад зориулан 79 сая ам.доллар төсөвлөжээ. Сүүлийн үед Венесуэлийн дэлгүүр, хоршоодод ариун цэврийн цаас, шүдний оо, саван зэрэг бүтээгдэхүүн үзэгдэхээ больж, хомсдолд орсон аж. Харин Венесуэлийн албаныхны зүгээс ариун цэврийн бүтээгдэхүүний хомсдолыг арилгахад дээрх хэмжээний мөнгийг төсөвлөөд байгаагийн зэрэгцээ импортоор 39 сая ширхэг хуйлмал ариун цэврийн цаас оруулж ирэхээр болсон байна.
Венесуэлийг удаан хугацаанд удирдсан, 21-р зуун коммунист гэгддэг Уго Чавес өнгөрсөн гуравдугаар сард нас барснаар түүний орыг Николас Мадуро залгаад байгаа юм. Гэвч Николас Мадурод Латин Америкийн бүс нутагтаа инфляцийн түвшинээрээ тэргүүлж буй Венесуэл улсыг тэргүүлэхэд эдийн засгийн олон сорилт хүлээж байгаа аж.
Б.АНХТУЯА