
Уг төсөл нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг таниулцуулах, тус музейд хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүд тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг сурталчлах замаар олон нийтэд соёлын өвөө хайрлах, хадгалан хамгаалахад байгууллага, хувь хүмүүст өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжийг олгох зорилготой юм.
Төслийн нээлт өнгөрсөн пүрэв гарагт Дүрслэх Урлагийн музейд зохион байгуулагдсан “Занабазарын Нууц” арга хэмжээгээр эхэлж, Монголынхоо соёлын өвийг дэмжих хүсэл, сонирхолтой байгууллага, хувь хүмүүсийн хандиваар үргэлжилсэн юм. Хандивын түүчээ болгож М-Си-Эс Группээс Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн “Цагаан Дара Эх” болон “Язгуурын таван бурхан”-ыг байрлуулах шилэн хоргыг олон улсын стандартад нийцүүлэн захиалан хийлгэхэд зориулж 15 сая төгрөгийн тэтгэлэг олгохоо мэдэгдсэн бол тэр үдэш ирсэн зочид нийт таван сая гаруй төгрөгийг хувиараа хандивлан тодорхой хувь нэмрийг оруулцгаасан байна.
Монголын Урлагийн Зөвлөл болон Дүрслэх Урлагийн Музейн захиргаа, нийт ажиллагсадын нэрийн өмнөөс соёлын өвийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан М-Си-Эс Групп, “Аялуун” медиа, “Гэрлийн өнцөг” ХХК, “Чиг Монголиа” ХХК болон М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК-ний Хүрхрээ төслийн удирдагч Ч.Туяацэцэг, Монголын Үндэсний Циркийн захирал Х.Пүрэвбадам, Heree-G төслийн менежер Б.Амарсанаа зэрэг энэ төсөлд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст гүн талархал илэрхийлсэн юм.
Цаашдаа олон нийт, бизнесийн байгууллагын төлөөлөлд Монголынхоо соёл, урлагийг дэмжицгээж, Өндөр гэгээний бүтээсэн хосгүй үнэт өвийг хамгаалах, олон нийтэд дэлгэн үзүүлэхэд зориулалтын 10 гаруй шилэн хоргыг захиалан хийлгэх шаардлагатай байгааг тус санаачлагаар дамжуулан уриалж байгаа юм.