Монгол Улсын хэмжээнд 2012-2013 оны хичээлийн жилд 30 мянга гаруй оюутныг хамруулж, гурван үе шаттайгаар зохион байгуулсан “Универсиад” III их наадмын тусгай байрын шагналт их, дээд сургууль, орон нутгийн шилдэг сургууль, шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлж, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын оюутны спортын холбооноос өнөөдөр шагнал, урамшуулал гардууллаа. 2013 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд үргэлжилсэн “Универсиад” наадам спортын 15 төрлөөр шилдгүүдийг тодруулж, нийслэл, хөдөө орон нутгийн нийт 62 их, дээд сургууль, коллежийн спортын аваргуудыг шалгаруулсан билээ. Харин өнөөдөр “Универсиад” наадмыг дэмжин ажиллаж, хамтран зохион байгуулахад хувь нэмэр оруулсан байгууллага, хамт олныг шагнаж урамшуулсан юм. Тодруулбал, оюутан тамирчдаа удирдан, “Универсиад” наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулсан Архангай аймаг дахь МУБИС, Ховд аймгийн “Ховд” их сургууль, Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн хамт олонд талархал илэрхийлж, хүндэт өргөмжлөл, гурван сая төгрөгийн мөнгөн урамшуулал тус тус гардуулав. Мөн “Универсиад” наадамд багийн ерөнхий дүнгээр тусгай байрт шалгарсан МУИС, ХСИС, “Аварга” дээд сургууль, наадмын үйл ажиллагааг олон нийтэд түгээх, сурталчлах ажилд идэвхтэй оролцсон МҮОНРТ-ийн Уран бүтээлийн дөрөвдүгээр нэгдэл, “Монгол” телевизийн Спортын мэдээллийн алба, News.mn сайтын хамт олонд өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулсан юм.
Түүнчлэн наадмын үйл ажиллагааг дэмжиж, хамтран зохион байгуулсан Спортын бэлтгэлийн төв, Монголын оюутны холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, мөн Монголоос БНХАУ-д суугаа Элчин сайдын яамдын хамт олонд талархал илэрхийлж, өргөмжлөл гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, ССАЖЯ-ны БТСБХЗГ-ын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн нар оролцлоо.
Т.МАША





