
Саяхан “Ernst&Youmg” групп нөөцөөрөө хамгийн их байгаа Монголын 15 эрдэс баялгийн түүхий эдэд үнэлгээ хийсэн нь хэвлэл мэдээллүүдээр гарсан. Тэнд дурдснаар бол Монгол 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбумын нүүрс, 62 тэрбумын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэртэй. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4.1, мөнгө 2 тэрбум ам.доллар гэхчлэн үргэлжилнэ. Нийт нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид дунджаар 1.3 их наяд ам.доллар хэмээн үнэлсэн байх юм билээ.
Одоогоор Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 шахам илрэл бүртгэгдсэн гэх мэдээлэл байдаг. Эдгээрийг жин бангаар нь илэрхийлье гэвэл зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагдаад буй. Мөн нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй. Үүнээс эдүгээ 20 орчим тэрбум тонн нөөц нь баталгаажсан. Монгол нутгийн ихэнх хэсгийг нүүрсний бассейнтэй гэж ярилцдаг ч, нөөцийг нь нарийвчлан тогтоогоогүй байгаа юм. Нөөц ихтэй томоохон ордууд гэвэл зэсийн Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Заамар, Олон-Овоот, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт гэхчлэн дурдаж болно. Харин илүү тодорхой болгох үүднээс зарим нэг нөөц ихтэй ашигт малтмалуудыг авч үзье.
Нүүрсний экспорт зэсийнхийг хэдийнэ гүйцэж түрүүлээд байгаа бөгөөд Монгол нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Гэхдээ энэ байр хойш урагшаа холбирч болно. Монгол орны нүүрсний орд газрууд нь нийт нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд жигд тархсан бөгөөд гурван бүс нутагт хамаарагдах 15 бассейнаас бүрддэг. Одоогийн байдлаар 300 гаруй нүүрсний орд газар илрээд байгаагийн 80 гаруйд нь геологи хайгуулын ажил хийгдсэн байна. Тавантолгой, Нарийн сухайт, Шивээ-Овоо, Багануур, Төгрөг нуур, Тэвшийн говь, Налайх, Шарын гол, Хөшөөт, Улаан-Овоогийн гэхчлэн томоохон орд газрууд бий. Эдгээрээс Тавантолгойн уурхай бол зуун дамжин ашиглагдах их баялаг, Монголын коксжих нүүрсний гол түшиц газар гэгдэж байна.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр дэлхийн цэвэр зэсийн нөөцийг 1.6 тэрбум тонн гэж тогтоожээ. Харин энэ нөөцийн 70 гаруй хувь нь 12 оронд ногддог. Гэхдээ энэ жагсаалтад Монгол Улс хараахан ороогүй байгаа гэх юм билээ. Монгол зэсээр баян, манай экспортын орлогын зонхилох хэсгийг бүрдүүлдэг. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр зэсийн хүдрээр 1.5 тэрбум тонн буюу 7.5 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Оюутолгойн орд 26 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй гэгддэг. Түүнчлэн Цагаан суваргын зэс молибдений орд газар үүн дээр нэмэгдэнэ. Монгол Улсын цэвэр зэс олборлолт 2020 он гэхэд нэг сая тоннд хүрнэ хэмээн төсөөлж байгаа.
Монгол нэг тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэсэн таамаг бий. Монголын геологичид төмрийн хүдрийн ордын 14 гол бүс нутагт судалгаа хийж, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн таамаг нөөц тодорхойлсон байна. Тухайлбал, Төмөртэй, Баянгол, Төмөр толгой ордод нийт 343 сая тонн хүдэр бий. Түүнчлэн Хараат уул, Эрээний орд 71.5 сая тонн төмрийн хүдрийг нэрлэх учиртай. Таян нуурын ордод 71.7 сая тоннын нөөц тогтоогдоод байна. Монгол Улс эдүгээ жилд таван сая гаруй тонн хүдэр олборлож байгаа гэх мэдээлэл байдаг бөгөөд ойрын жилүүдэд 11 сая тоннд хүрнэ гэсэн тооцоо бий. Энэ бол Монголд гангийн үйлдвэр хөгжих бэлэн боломж байгаагийн илэрхийлэл юм. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт жилд 2-4.5 сая тонн хорголжин төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөж цаашид Дархан, Сэлэнгийн бүс нутагт дахь төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн ган үйлдвэрлэх боломж буй.
Уран Монголын ирээдүйтэй баялгийн нэг. Бид ураны нөөц, баялгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг улсуудын нэгд тооцогддог. Ураны нөөцийн хэмжээгээрээ дэлхийд 16-д, Азидаа зургадугаар байрт жагсч байна. Одоогоор Эрдэс баялгийн санд 74 мянган тонн ураны геологийн нөөцийг бүртгэж аваад байна. Гэхдээ энэ бол зөвхөн батлагдсан нөөц.
Энэ мэтчлэн манай экспортод нэлээдгүй жин дардаг алт, молибдени, жонш гэхчлэн олон баялаг буй.
Газрын баялгынхаа гаднаас цухас өнгийвөл эхэлж харагдах өнгө нь иймэрхүү байна. Хэрэв зөв оновчтой ашиглаж, “чулуу” болгож чадвал монголчуудыг үеийн үе дамжин хооллож хувцаслах их хөрөнгө. Гэхдээ баялагтаа бардамнаж болохгүйг бусад орны туулсан зам, туршлагаас бас харж болно.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
