Бяцхан үрс уйлж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Бяцхан үрс уйлж байна

Бяцхан үрс мэгшин уйлж байна… Аав, ээжийнхээ хайранд бөмбөрч, энхрий дулаан үгсээр урамшиж явах учиртай тэднийг хөх няц болтол зодож, хүйтэн мэсээр сийчиж, хана руу савж, хадаастай банзаар гуядсан гээд сэтгэл сэрдхийлгэсэн хар мэдээ хэвлэлийн хуудаснаа хөвөрч байна… Таван сартай үрээ хадаастай банзаар зодсон, таван настай хүүгээ хүйтэн мэсээр сийчсэн, долоон настай хүүгээ гурван цагийн турш зодож тарчлаасан, зургаан настай хүүгээ гэрийн хана руу бөмбөг адил шидэж “тоглосон”, найман сартай охиноо халуун тогоо руу шидэж солир болгосон гээд л… Хамгийн эмгэнэлтэй нь аав, ээж нь төрсөн үрээ ийн тарчлаажээ. Ирээдүйн их үйлсийн эзэн, хойч үеийн төлөөлөл болсон бяцхан үрс ийм орчинд торниж, ийм хүмүүжил эзэмших ёстой гэж үү?

Балчирхан биедээ ахадсан зүдгүүр амсч, эмнэлгийн орон дээр энэлэн шаналан суугаа тавхан настай тэр хүүгийн өмнөөс сэтгэл минь эмтэрч байна… Адгуус амьтан хүртэл үр удмаа үлдээхийн тулд энгэртээ нааж, элдэв муугаас хамгаалдаг биш билүү. Гэтэл ухамсар гэгчээр араатнаас ялгардаг хүн гээч амьтан ийн авирлах болсонд хэн буруутай вэ? Энэ нийгмийн сэтгэлзүй биднийг хааш нь хөтөлнө вэ? Архидалт, мансуурал, гуйланчлал, гаж хүсэл, нийгмийн стрессийн золиос болсоор байх уу?

Зайрмагны 300 төгрөг хулгайлсан гэж долоон настай хүүгээ гурван цагийн турш уйлах дуу гарахгүй болтол зодсон хойд эцэг н.Түмэнжаргал “Монголын аавууддаа хандаж хэлэхэд, хүүхдээ зодож болохоо больчихсон цаг байна. Хүүхдээ хүмүүжүүлж зодлоо гэхэд яах юм, та нар” гэж хэгжүүрхэж зогссон цаг саяхан. Гэвч тэрээр хүүгээ хэрцгийгээр зодож, тарчлаасныхаа төлөөсөнд хуулийн дагуу 5.6 жилийн хорих ял сонссон. Амьдралд тохиод элдэв бэрхшээл, зовлонг үүрээд гарах сэтгэлийн тэнхээгүйгээс уур уцаар, атаа хорсол, өш хонзонгоо алаг үрдээ гаргасан тэр зохих ял шийтгэлээ хүлээж буй нь зүйн хэрэг ч тэр хүний сэтгэлзүйг эмчлэх асуудал түүнээс ч түрүүнд байх ёстой. Хэсэг хугацааг торны цаана өнгөрүүлэхдээ гэмээ ухаарч чадах нэгэн байхад, тэнд аваачсан гэх өшөө хорсолдоо автаж, хариу тооцоо бодох хүсэлдээ автах нэгэн ч бий.

Эцэг эхийнхээ гарт, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн эрхийн асуудлыг хүүхдийн төлөө гэх, хүүхдийг эрхийг хамгаалах гэх тодотголтой бүхий л газрууд анхааралдаа авч, бүх шатны байгууллага, иргэд ч сонор сэрэмжтэй байхыг энэ цаг үе биднээс шаардаж байна. Харин нөгөө талаас энэ цаг үеийн, энэ нийгмийн бас нэг золиос болсон тэдгээр хөөрхийлөлтэй аав, ээжүүдийн сэтгэлзүйг “цэвэрлэх” мэргэжлийн сэтгэлзүйч дутагдаж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж