
Харин одоо нийгэмд архины эсрэг хууль үгүйлэгдэж байна. Тэр чигтээ “халамцуу” байгаа энэ нийгмийг эрүүлжүүлэхийн тулд шүү дээ.
Архины эсрэг хууль зайлшгүй хэрэгтэй байгааг нотлоход ганц дараах тоо баримт хангалттай. Нийслэл Улаанбаатар хот 2012 оны байдлаар 1,7 сая оршин суугчтай. Гэтэл архи, согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчилж буй газрын тоо 3951 байна. Ингээд тооцоход 430 хүн тутамд нэг цэг ногдож буй юм. Гэтэл 430 гэдэг нь бүх насныхныг хамруулсан тоо тул насанд хүрсэн, согтууруулах ундаа хэрэглэх зөвшөөрөгдсөн насныханд ногдох газрын тоо аюулын харанга дэлдэхүйц хэмжээнд байгаа нь ойлгомжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Архины эсрэг хуулийн төсөл, журам боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байна. Хуулийн төслийг ирэх намар гэхэд УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй. Тэгвэл, тэрхүү хуулийн төсөлд ямар онцлог зүйл, заалт тусгах вэ?
Архины эсрэг хуулийн төсөл дээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийг 21 нас хүрсэн 3000 хүн тутамд нэг ногдож байхаар цөөлөх гэнэ. Ингэснээр архи худалдаалж, үйлчилж байгаа цэгийн тоо 60 хүртэлх хувиар буурах аж. Утаат тамхийг сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд худалдах, 100 метрийн зайд, ажлын байр, автомашин зэрэг газруудад татахыг хориглосон. Архины эсрэг хуулийг ч энэ журам, жишгээр хэрэгжүүлэхээр боловсруулж байгаа гэдгийг албаныхан хэлж байна.
Одоогоор нийслэлийн хэмжээнд дийлэнх баар, ресторан, караоке, пабт тамхийг хориглоод байна. Харин Архины эсрэг хуулийн төсөлд тэдгээр газруудад зөвшөөрөгдөх хэмжээний буюу бага хувийн согтууруулах чанартай пиво, дарс зэргээр үйлчлэхээр тусгах гэнэ. Савнаасаа бусдыг залгидаг гэх сархадын хэрэглээг энэ мэтээр хуульчилж, багасгаж, хуулиар зохицуулах боломжтойг албаны хүмүүс мэдээлж байна.
Архидалтыг багасгахын тулд архины үнийг хэдэнтээ нэмсэн нь тусыг эс олж, харин ч архины үнэлэмжийг дээшлүүлсэн тул нийгмээр хавтгайрсан архидалтыг хуулиар зохицуулах нь хамгийн зөв шийдэл юм.