
-Төрийн томоохон тоглолтууд, язгуур урлагийн тоглолт, сэтгэлгээний драм найруулдаг таныг энэ тоглолтыг найруулах хөшүүрэг нь юу байсан юм бол оо гэдэг маш их сонирхол татлаа.
-Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг түүний нөхөр Г.Сүхбуян бид нар хүнийхээ хувьд болон айл гэрийн хувьд дотно бие биенийгээ мэддэг ахан дүүс, аав ижий шиг болсон хүмүүс. Нөгөө талаар ер нь миний бага тайзанд амилуулж байгаа тэр сэтгэлгээний драмын жүжгүүдийн явц, хийц, язгуур урлагийн этник хамтлагуудаас бүтсэн тоглолтуудын найруулга, тайзан дээр болсон янз бүрийн найруулгуудыг дуучин Алтанцэцэг харсан байгаа юм. Тэгээд тэр миний тоглолтыг найруулаач гэж намайг урьсан. Би урилгыг тун дуртай хүлээж авсан ч жаахан эмээсэн шүү. Тэр нь юу вэ гэвэл эстрадын урлаг бол урлаг дотроо онцгой төрөл шүү дээ. Тийм болохоор ах нь одоо болох юм уу гэхэд Алтанцэцэг “болно оо” гээд л урилгыг нь хүлээж авлаа. Харин рок мангас Мөнхсайхан энэ тоглолтын туслах найруулагчаар хамтран ажиллаж байна. Бас гитарчин Өөжгий байна. Алтанцэцэгийн рок, поп талын мэргэжлийн хүмүүс бүтэн баг болж ажиллаад бараг хагас жил болж байгаа юм билээ.
-Нэлээд эртнээс тоглолтын бэлтгэлээ эхэлсэн гэж дуулсан. Мөн товоо зарлаад хойшлуулсан шалтгаан нь юу байсан юм бол оо?
-Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард тоглоё гээд хойшилсон. Тайзны боломжоос болоод. Тоглолтын бэлтгэл бол нэлээд өндөр төвшинд явагдаж байгаа. Бүжигчдийн уран чадварын хувьд ч гэсэн. Үүнээс ондоо өөр өвөрмөц араншин харагдах юм.
-Тоглолтын нэрийг та “Алтанцэцэг” гэж та нэрлэсэн гэсэн. Яагаад ийм нэр сонгов?
-Тоглолтын нэр янз бүрээр яригдаж байсан. Би шууд л Алтанцэцэг гэж нэр өг гэж хэлсэн. Яагаад энэ нэрийг сонгосон бэ гэвэл энэ хүний араншин, зүтгэл, хичээл, түүний ертөнцийг хардаг цонх, философи гээд бүр зүйл түүний бүтээлээр дамжиж илрэх учраас өөрийнх нь нэрээр нэрлэсэн юм байгаа нь. Тоглолтын үйл явцууд бол багаас дээш өсөөд маш өндөр хэмжээнд болоод жаргахаар хийж байгаа. Нөгөө талаар нэг шинэ зүйл бий. Энэ бол Монголын анхны тайзан дээр болох 3D уран сайхны гэрэлтүүлэг. Ж.Алтанцэцэгийн тоглолтын өмнө би сая Ардчилсан орнуудын долдугаар бага хурлын хүндэтгэлийн цэнгүүнийг найруулсан. Тэрэн дээр 3D тайзыг хоёр проектортойгоор туршиж үзсэн. Түүнд боломж харагдсан учраас Ж.Алтанцэцгийн тоглолтыг 3D-гээр хослуулан хийе гэж шийдсэн.
-Найруулга, тавилт нь ямар байх вэ?
-Найруулгын тавилтын хувьд нэг их элдэв чимэг хөөхгүй. Одоо энд тэнд очоод Бродвэй ч бай хаана ч бай тоглолтууд үзэж байхад уран чадварын өндөр төвшинд хэрнээ элдэв долоон хуурамч чимэггүйгээр хийдэг болсон байна. Аль болох маш үнэн бодитой хэрнээ хурц сонин, эгэл мөртлөө эгэлгүйгээр бодож, сэдэж тайзан дээр бүтээл хийдэг болж. Би сая хэд хэдэн том бүтээлүүдийг АНУ явахдах Бродвэй, “Kennedy center” ч харлаа. Миний үзэж харж байгаа ялангуяа сонгодог бүтээлүүд “Аида”, “Тоска” гээд дууриудын тавил нь хүртэл маш энгийн хэрнээ яг тогтсон хэдэн тодорхой үйлдлүүд байдаг юм байна. Энэ удаад Алтанцэцэгийн өмнө нь тоглож байсан тоглолтуудаас өвөрмөц тийм үйл явдал харагдахаар энэ тоглолтыг хийх юм. 3D-ын хувьд би нэг сонин юмыг гайхаж л байна л даа. Энэ одоо ерөөл, бэлэгдэл байдаг юм уу. Монгол хүн чинь амны бэлэг, ашдын заяа гэж ярьдаг шүү дээ. Би маргааш /22-нд буюу өнөөдөр/ Япон улсыг зорин Монголчуудтай уулзан лекц, яриа хийнэ. Би тус улсын очсон газар бүрээ бүтээл, тоглолтуудыг үздэг. Энэ удаа Японд Вердийн нэг дуурь, анимэйшн гээд энэ 3D гэрлээр тоглолт хийдэг тийм дуурийг симфонитой үзэх хувь тавилан тохиосон. Энэ тоглолтыг найруулахын өмнө түүнийг үзнэ гэдэг чинь надад бас их өгөөж ирнэ гэсэн үг. Би бол аливаа юмны үр дүнг түрүүлж харуулахаас илүүтэйгээр философи шинж чанарыг гаргахыг зорьдог. Үр дүн төгсгөлд нь санаатай бөгөөд заримдаа санамсаргүйгээр гарч байвал сайн гэж үздэг. Тэгэхээр Алтанцэцэгийн тоглолтын найруулга бол өмнө нь ч байгаагүй, хойшид хүн нэлээд их зүтгэл гаргаж байж хийхээр тийм л найруулга болно гэж үзэж байгаа.
-Энэ тоглолтын гол философи нь юу вэ?
-Дуу бүрийн үг өөрөө сүншигтэй, сүнстэй. Тэрийг нь л илүү хөгжимтэйгөө хамт мөртлөө дөт гаргаж ирнэ. Жишээ нь “Тэгэхэд би шувуу байлаа” гэдэг дууны хувьд яагаад би өмнө нь шувуу байлаа гэж байгаа юм. Энэ шувуу чинь тэнгэрт их ойр байдаг тэгсэн хэрнээ газарт буудаг. Тэнгэр газар хоёрын савслаа дунд дэвэн дэвэж явахдаа буюу тэр “Өвгөн шувуу хоёр” гээд Говийн ноён хутагт Данзанравжаагийн үг ая дан дуунд хүртэл байдаг шиг
“…Жаргалтайн дэлгэр зуныхаа сардаа
Жигүүртэн олон шувууд дэвэн дэвсээр ирлээ…” гэж. Тэгэхээр байгаль, дэлхий гэдэг энэ тэнгэр газар лус савдаг бол амь амьдралтай юм. Тэр амьдралын дунд бүхий л сүр, сүнс эргэлдэж байдаг. Тийм жамыг бид нар мартаж болдоггүй, базагдаж явдаг ийм л хүний ертөнц шүү дээ гэх мэтийн “Тэгэхэд би шувуу байлаа” гэдэг романтик хурдтай дууны шүлгүүд дээр задаргаа хийж, философийг нь илүү харах дуртай. “Бөртэ хатан” гээд дууны хувьд ч бид Бөртэ хатны үед амьдарч байгаагүй ч түүний амьдрал үнэн юм шиг, үнэнийг нь бас үнэн байсныг бид мэдэхгүй. Тэгэхээр домог ч юм шиг. Домог гэхээр яг үнэн болоод өнгөрсөн түүх байх жишээтэй. Тийм зүйлийг хүн гэдэг амьтан арьс, мах, ясандаа шингээж тээж явдаг юм аа. Тэр мэдрэмжээ өөрийн оюун санааны дотоод ертөнц, гэрэл гэгээ болгон асар их философитойгоор хүмүүстэй хуваалцаж, эсвэл хүмүүст хүргэж байж уран бүтээлч оршин тогтдог гэж үздэг учраас Алтанцэцэгийн тоглолт хурдтай, маш олон хувиралуудтай болох юм.
-Хэчнээн уран бүтээлч нийлсэн баг энэ тоглолт дээр ажиллаж байна?
-Сонирхуулахад, энэ тоглолтын төгсгөлд 500 хүн гарч түүнтэй дуулна. Үүнд, 5-8 насны 100 хүүхэд, 13-15 насны 100 хүүхэд гээд насны ангилалаар өсөөд 500 хүн орж дуулах юм. Хөгжимчид, бүжигчид, техникийн ажилчид гээд нэмээд түүний ард том баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа шүү.
-Зургадугаар сарын 1-нд тоглох товоо зарласан болохоор “Хүүхдийн баяр”-т зориулсан тоглолт гэж хүмүүс ойлгоод байгаа. Баяр болохоор л ар араасаа олон шоу, тоглолтууд болдог шүү дээ.
-Тийм зүйл байхгүй ээ. Хүүхдийн баярын өдөр тоглолтын тов л таарсан. Заавал хүүхдийн баярын өдөр гээд зөвхөн хүүхдүүдэд зориулсан тоглолт биш. Гэхдээ хүүхэд ч гэсэн хүн шүү дээ. Хэчнээн насласан ч хүүхэд насны бодлоос ахиж чаддаггүй хүмүүс байхад хүүхэд байхдаа ч олон жил амьдарсан юм шиг боддог тэдний бодлыг бид хардаггүй л явдаг шүү дээ. Хүүхдүүд оролцож байгаа тоглолт. Хүний дотоод ертөнцийг Алтанцэцэг өөрийн хурд, мэдрэмж, гуниг, баяр цэнгэлээр мэдэрч байгаагаа хүмүүст үзүүлж, үзэгч бүрийн зүрхэнд нь хүрэх тийм боломжийг харуулах үүднээс найруулагчийн зүгээс ажиллаж байна.
-Дуучин Алтанцэцэг зөвхөн рок, попын дуу ч гэлтгүй сонгодог, ардын дуу, хүүдийн дууг дуулдаг нь таныг энэ тоглолтыг найруулахад хүргэв үү?
-Тийм шүү. Би Алтанцэцэгийн хийсэн нэг тоглолтыг хараад маш их баярлаж байсан хэрнээ нэг зүйлд харамсаж байсан. Тэнд тоглолтын тавилт, найруулга байхгүй байсан учраас харамсаж байсан. Одоо бол хэн хэнд нь боломж ирлээ шүү дээ. Алтанцэцэгийн хоолой бол өөрөө хязгааргүй их төвшинтэй. Дээшээ, доошоо бүх өнгүүдийг авч чаддаг. Мөн ямар ч аржгар, саржгаргүй дуугардаг маш их тослог хоолойтойгоосоо гадна түүний сэтгэлийн дотоод ертөнцийн хурд нь хаа ч хүрч болохоор хязгааргүй, их гэнэн. Их гэнэн байх чинь сайн шүү дээ. Бодож байснаа шууд хэлчихдэг мөн чанар нь энэ дуучны өөрийнх нь онцлог юм. Тиймээс үүнийг нь түлхүү бүтээлүүд дээр нь нэмж гаргах, дээрээс нь дуучинтай үг болгоны хаялага, хэм хэмнэл болон жүжиглэх чадварыг нь илүү нээх бодлоор найруулах юм. Энэ тоглолтоос үгний тод хувирал, өнгө аясыг сонсох болно гэж хэлэх байна. Бас нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ тоглолт ямар ч хөтлөгчгүй явна.
-Цагтаа эхлэх үү?
-“Алтанцэцэг” тоглолт Соёлын төв өргөөнд зургадугаар сарын 1-нд 20.00 цагт учраас яг цагтаа тоглолт эхэлнэ. Үзэгчдийг 20, 30 минутын өмнө ирээд суудлаа эзэлчихсэн байвал тоглолтыг тав тухтай үзэх болно шүү гэж хэлмээр байна. Цагтаа ирсэн хүмүүс л энэ цэнгүүнийг эхлэлийг бүрэн харна. Эхлэл бол маш өвөрмөц байна. Монгол хүний хийморийг дуудсан, бадраасан, Хүн гүрнээс авахуулаад Монгол хүний тээж ирсэн улбааг мэдрүүлсэн тийм л үйл бүтээл, аялага, цохилгооор эхлэнэ. Түүнийг үзээрэй, мэдрээрэй гэж хэлмээр байна. Тоглолт эхлэхээсээ дуусах хүртлээ сонирхолтой үзэгчидтэйгээ уяатай байх болно гэдгийг би бардам хэлье.