
Хэнээс ч эмээхгүй, юунаас ч айхгүй, авахыг хүссэн зүйлээ нэхнэ, авч байж санаа нь амарна. Тоглоно, инээнэ, гүйнэ. Бүдэрч унавал уйлна. Аав, ээжээрээ аргадуулна, дээр өргүүлээд үнсүүлнэ. Удаа ч үгүй уйлж байснаа мартчихаад дэгэж, дэрвэнэ. “Аав аа надаа, ээж ээ, мөөмөө” гээд л өвөрт асна. Энэ бол та бидний балчир үрсийн сэтгэлд нь сэв суугаагүй, айдас хургаагүй тийм нэг гэрэлт ертөнц. Аавдаа, ээждээ, ахдаа, эгчдээ хамгийн үнэтэй нандин бэлэг болж ирсэн бяцхан үрс яг ийм ертөнцөөр аялж, өсч торниж, гэр бүлийн халуун дулаан хайран дунд зөв хүн болж төлөвшдөг гэж итгэдэг болохоор та бид тэднийг бурхад хэмээн өхөөрддөг. Бас хайраар дутаахгүй байж гэмээнэ эх орондоо хэрэгтэй зөв хүн болно гэж итгэдэг юм.
Гэвч сүүлийн үед бяцхан үрсийн минь инээд цалгисан ийм нэг гэрэлт ертөнц аажим аажмаар бөхөж байх шиг санагдах болов. Өглөө босоход л айдас төрүүлсэн мэдээлэл зүрх зүсч, “Харгис эцэг нь төрсөн хүүгээ заазуурджээ. Долоохон настай бяцхан хүүг архи уусан эцэг нь зодож, гэмтээжээ. Төрүүлсэн эх нь хүүгээ хаяад алга болж. Тавхан сартай нялх үрээ архи уусан эцэг нь хадаастай модоор цохиж хүнд гэмтээсэн гэнэ” гээд хүний санаанд багтамгүй аймшигт мэдээллүүд ар араасаа хөврөх болов. Төрсөн үрээ заазуураар “тамгалдаг” эцэг, төрүүлсэн үрээ хогон дотор хаяад явдаг ээжүүд хүний ертөнцөд багтах шингэх учиргүй мэт санагдавч тэд яг одоо та бидний дэргэд байсаар л байгаа юм. Мэдээж хууль цааз гэж байгаа хойно тэд эдлэх ёстой ялаа үүрэх нь лавтай ч тэр харгис хүмүүсийн золиос болж хохирч үлдсэн бяцхан хүүхдүүдийн ирээдүй яах бол гэсэн эмзэглэл хамгийн ихээр айдас төрүүлнэ.
Хэдхэн хоногийн өмнө төрсөн эцэгтэй заазуурдуулсан таван настай жаалхүү Монголд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж буйн амьд жишээ бас энэ нийгэмд бий болоод удаж буй нэг бараан өнгийг харуулав. Архичин, ажилгүй аав, эр нөхрийнхөө гарын аясаар бөхөлзөх ч хэдэн хүүхдээ амиараа хамгаалах ээж, өөртэйгөө адил биедээ ахадсан зовлон үүрсэн зургаан настай ах, хоёр настай дүү охин гээд энэ гэр бүлийн амьдрал өнөөдөр хүмүүс яаж амьдарч байгаа, бидний амьдарч буй нийгэм ямар айдас дунд байгааг олон хүнд элдэв тайлбаргүйгээр харуулах шиг боллоо. Бас хууль хяналтын байгууллагынхан энэ асуудлыг анхааралдаа авч, төрсөн үрээ заазуурдсан эцгийг шоронд хийв. Хуульчдын ярьж буйгаар түүний гэм буруутай гэж шүүх үзвэл эцэг байх эрхийг хасахын зэрэгцээ 5-8 жилийн хорих ял оноох ажээ. Гэвч энэ мэдээлэл эцэгтээ заазуурдуулсан бяцхан хүүгийн хувьд түр зуурын л баярт мэдээ. Яагаад гэвэл тэр эцэг өнөөдөр биш гэхэд маргааш шоронгоос гарна. Тэгээд л гэр бүлээ нэхэн очино. Хоёр настай бяцхан охиноо хана руу савж, таван настай хүүгээ заазуурдсан эцгээс тэр үед ямар ааш аяг гарахыг мэдэхгүй ч тэр хүүхдүүдийн төлөө сайн сайхныг бодож, гэрэлт ирээдүй угтаасай хэмээн бодохоос өөр бид юу хийж чадах билээ.
Уг нь манайд яг энэ асуудлыг хариуцсан газар бий. Тэр нь Хүүхдийн эрхийг хамгаалах нэртэй төрийн болон төрийн бус байгууллагууд. Гэвч дээрх байгууллагууд хууль эрхзүйн орчин хангалтгүй байдаг уу эсвэл хөрөнгө мөнгөнөөс болдог уу хүүхдийн эрхийг хамгаалах талаар томоохон асуудал хөндсөн нь үгүй. Ямартай ч дээрх үйл явдал нийгэмд ийм нэг зэрлэг давхарга бий болчихоод буйг нотлон харуулж, хүүхдийн гэсэн данстай зарим байгууллагыг хөл хөдөлгөөнд оруулах шиг боллоо. Гэвч тэдний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ямар үр дүнд хүрэх, яах нь тодорхойгүй юм.
Уг нь бид ардчилал, эрх чөлөө гэж ярих дуртай. Ардчилал гэдгийг бид хэн ч хамаагүй юу дуртайгаа чалчиж бас хэн нэгнийг учир утгагүй гүтгэхээ эрх чөлөө хэмээн ойлгодог. Бас ардчилсан гэдэг орнуудын гоё сайхныг магтан сайшаах атлаа хүүхдүүддээ хэрхэн яаж анхаарал тавьдаг болохыг өчүүхэн ч төдий анзаардаггүй. Тухайлбал, бидний хамгийн их очихыг хүсдэг, ардчиллын эх орон Амеркт л гэхэд хүүхдийн эрхийг хамгийн ихээр дээдэлдэг. Энэ улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчихийг хамгийн хүнд гэмт хэрэгт тооцдог бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай алба хүртэл байдаг гэсэн. Дээрх байгууллага хүүхдийн эрхийг хамгаалахын тулд манайхан шиг өнгөрсөн хойно бус болохоос нь сэргийлж, урьтаж арга хэмжээ авдгаараа онцлог бас онцгой. Тухайлбал, сургуулийн багш нар сурагчидтайгаа хэрцгий харилцсан, аав ээж нь хүүхэддээ зүй бус авир гаргасан бол тэр даруй цагдаа ирж, Хүүхэд асрах албаныхан үрсийг нь авч оддог. Улмаар шүүхээс эцэг, эхийнх нь эрхийг хасах хүртэл арга хэмжээ авна, эрүүгийн хэрэг үүсгэнэ, гэр бүлээс нь албадан холдуулдаг гээд хүүхдийн эрхийг болохоос нь болохгүй хүртэл хамгаалдаг. Мөн манай урд хөршид “Бүх хятадын хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байгууллага” нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хянах бөгөөд хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмнэлэгт ирсэн бол цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгддэг. Мөн эцэг эхэд нь хавтаст хэрэг нээж эцэг эх байх эрхийг хасч хүүхдийг асрах байгууллагаар эсвэл өөр гэр бүлд үрчлүүлэн өсгөх арга хэмжээ авна. Мөн БНСУ байна. Тэд хүүхдийн эрх, хүмүүжилд онцгойлон анхаардаг. Хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлж гэмээнэ зөв хүн болно гэж итгэдэг учраас үзэх кино, нэвтрүүлэг тэр бүү хэл хүүхдийнхээ дэргэд чангахан дуугарахыг цээрлэдэг. Харин манайд…
Орой телевизээр ил задгай киног эцэг эхчүүд нь хүүхдүүдтэйгээ үзэж л суудаг. Хүүхдийнхээ дэргэд би, чи дээ тулаад хэрэлдэж л байдаг. Сүүлдээ энэ нь хэрээс хэтэрч гэр бүлийн хэрүүл, үр хүүхэд рүүгээ чиглэх болов. Энэ бүхний нотолгоо нь төрсөн эцэгтээ заазуурдуулсан таван настай хүүгийн амьдрал…
Сүүлийн үед хүүхдийн гэсэн гэрэлт ертөнцөд гарч буй бараан мэдээллээс товч дуулгахад энэ. Төгсгөлд нь ЦЕГ-аас өчигдөр хийсэн мэдээллээс хүүхдийн эрх зөрчигдсөн мэдээллийг хүргэж байна.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин