А.Дөлгөөн: Юу чадахаа харуулна

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

А.Дөлгөөн: Юу чадахаа харуулна

“Universe best songs” наадмын шилдэг оролцогч А.Дөлгөөн: Намайг англиар дуулж чадахгүй гэж бассан хүмүүст юу чадахаа харуулна

“UBS” телевизээс “Universe best songs” наадмыг тав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ жилийн наадмыг өөрийн өнгө төрх, дуулах стилиэрээ бусдаас ялгарч чимсэн, соёлын гавъяат зутгэлтэн Д.Ухнаа, шүүгч Б.Амархүү нарыг суудлаас нь босгож бүжиглүүлсэн авъяаслаг оролцогч А.Дөлгөөнтэй ярилцлаа. Донжтой харц, эвлэгхэн яриатай түүнтэй удахгуй болох гэж байгаа гала тоглолтын бэлтгэлийнх нь тухай сонирхож эхэлсэн ярилцлагаа А.Дөлгөөн бүсгүйн цаашдын зорилго, мөрөөдлийг нь хуваалцаж үргэлжилсэн юм. Тэрбээр өнөөдөр, маргааш болох гала тоглолтдоо бэлтгээд тун ч завгүй байсан бөгөөд “Атраа” салон дээр үсээ янзлуулж байхад нь бид “барьж” авсан билээ.

-Тантай уулзах гэж олон хоног хөөцөлдлөө. Гала тоглолтгой болохоор завгүй байна уу?

-Тийм ээ, тоглолтын бэлтгэл гээд өдөр, шөнөгүй ачаалал ихтэй байлаа. Тоглолтон дээрээ үзэгчдэдээ сонин, содон гэнэтийн бэлэг барьж гайхашруулах юмсан гэж хичээж байна. Хувийн бэлтгэлийн хажуугаар өдөр бүр “UBS” телевизээс ивээн тэтгэгч байгууллагуудтай танилцах нэвтрүүлэг хийж байгаа учраас тийшээ очиж байгаа. Нэвтрүүлгийнхээ завсар зайгаар нь заримдаа шөнө унтах цагаа хойшлуулж дуугаа бэлдсэн.

-Ямар дуу сонгов. Энэ удаад ч гэсэн хип хоп дуулах уу. Мэдээж сонгосон дууныхаа утга санаатай зохицохоор үсээ янзлуулж байгаа байх?

-Өмнөх шатанд оролцохдоо ч гэсэн Амраа эгчээр үсээ янзлуулж байсан. Миний бодсоноос ч илүү их өвөрмөц янзалж өгдөг. Энэ удаад урд хэсгээсээ эхэлж загасаар сүлжээд дараа нь урт үс залгаж сүлжихээр болсон. Гала тоглолт дээрээ би Лорин Хилл “Doo wop” гэдэг дууг Тэшагийн “Pay day” дуутай микслэж дуулна. Лорин Хилл бол Америкийн алдартай хар арьстай регги дуучин байгаа юм. Тиймээс дуутайгаа зохицуулж үсээ ингэж янзлуулж байна.

-Тэгэхээр энэ удаад англиар дуулах юм байна тийм үү?

-Тийм ээ, англи дуу дуулж чадна гэдгээ батлах гэж зориуд сонгосон. Өмнөх шатанд ихэвчлэн солонгос дуу дуулсан. Тэгэхэд олон нийтийн сүлжээгээр Дөлгөөнөө ганцхан солонгос дуу л дуулж чаддаг, англиар үглэж чаддаггүй гэжолон хүн шүүмжилсэн байсан. Тиймээс “Doo wop” дууны ихэнх хэсгийг нь англиар дуулж дууны төгсгөлд нь солонгос дууг микслэж оруулсан.

-Гэхдээ таныг голж байгаагаасаа дэмжиж байгаа нь олон санагддаг?

-Аль аль нь л байгаа байх. Гэхдээ энэ надад нэг их нөлөөлөхгүй. Хамгийн гол нь би дэмжиж байгаа хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй. Харин намайг доош нь хийж байгаа хүмүүсийн сонирхлыг татах хүртлээ хичээнэ гэж боддог.

-Уралдааны өмнөх шатанд ихэвчлэн Тэша гэж реппэрийн дууг дуулсан шүү дээ. Энэ сонголтынхоо талаар ярихгүй юу?

-Тэшагийн дуунууд миний хоолойн өнгөнд зохицдог болохоор сонгож байсан. Мэдээж тэмцээндээ амжилттай оролцоё гэвэл өөртөө зохидог, дуулж чадахаа сонгосон нь дээр шүү дээ. Тэгээд ч Тэша бол миний сонсох дуртай, шүтдэг реппэрүүдийн нэг нь. Дэлхийн эмэгтэй реппэр дундаа толгой цохидог нь гэхэд нэг их хол зөрөхгүй. Негрийн эрлийз реппэр байгаа юм. Солонгост очоод удаагүй байхдаа анх түүний “Memories” дууг сонсч байсан. Тэгээд л дуунуудад нь дурласан даа.

-”Universe best songs” наадамд хоёр дахь удаагаа оролцож байгаа гэсэн. Эхний тэмцээнийг бодвол харьцангуй туршлага суусан байх?

-Анх 2010 онд энэ тэмцээнд оролцоод гуравдугаар шатнаасаа хасагдчихсан юм. Тэр үед ихэвчлэн Alicia Keys, Amy Winehouse зэрэг дуучдын дууг дуулсан. Хамгийн сүүлчийн шатанд донжтой жааз дуу дуулахад шүүгчид “Хоолойндоо тохирохгүй дуу сонгосон байна” гээд хассан. Би багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Тиймээс дуулах мөрөөдлөө хэзээ ч орхихгүй гэж шийдсэн болохоор энэ жил дахиад оролцсон.

-Шүүгч Б.Амархүү таныг “Монголын урлагт хэдэн жилийн дараа од болон гялалзаж чадна” гэж магтаж байсан?

-Тийм ээ, энэ жил бодсоноосоо ч их хол явж байна. Намайг дэмжиж байгаа хумүүсийг хараад итгэж яддаг шүү.

-Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?

-Ер нь хүн өөртөө итгэлтэй байх нь зөв санагддаг. Би аливаа зүйлд ингэчих болов уу тэгчих болов уу гэж эргэлздэггүй. Ер нь эргэлзэхийг ч хүсдэггүй. Учир нь миний мөрөөдөл үргэлж буцалж байдаг болохоор заавал зорьсондоо хүрнэ л гэж боддог. Ингэж хүсэхээр зарим нь биелдэг. Энэ удаад өөртөө итгэлтэй байгаа.

-Гала тоглолт дээр юунд илүү анхааръя гэж бодож байна вэ?

-Тэмцээний зохион байгуулагчид биднийг үзэгчдэд дуугаа хүргэж, тэднийг байлдан дагуулах, мөн тайз чамайг чимэх биш өөрөө тайзыг чимэх гээд олон зүйлийг анхааруулж хэлж өгсөн. Тайзан дээр гарна гэхээс их сандарч байна. Тиймээс аль болох сандрахгүй, тайван байж, дуугаа сайн дуулахыг хичээж байгаа. Гала тоглолтод миний ард “Aimaar dance” продакшны бүжигчид бүжиглэнэ.

-Үзэгчдэд өөрийгөө таниуллаа. Цаашдаа бие дааж уран бүтээл хийх үү?

-Мэдээж уран бүтээл хийхийг хүсч байна. Бас сайн уран бүтээлч болохыг хүсч байгаа учраас илүү мэргэшихийг хүсч байгаа. Цаашдаа урлагийн чиглэлээр сурах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ хажуугаар нь бас бие даасан уран бүтээлээ орхихгүйг хичээнэ.

-Реппэрүүд дууныхаа үг, аяыг голдуу өөрөө зохиодог. Таны хувьд дууны үг, ая зохиож байвуу?

-Өөрийгөө дууны үг зохиох авьяастай л гэж боддог. Саяхан шилдэг 16 оролцогч “What a won derful world” дууг дуулсан шүү дээ. Тэр дуун дээр би өөрийнхөө дуулдаг хэсгийн үгийг өөрөө зохиож солонгосоор дуулсан. Миний бодлоор анхны удаа гэхэд дажгүй санагдсан. Өмнө нь дууны үг зохиож байсан туршлагагүй.

-Одоо Солонгост ямар сургуульд сурдаг юм бэ?

-10 жилийн сургуулиа Солонгост төгсөөд үргэлжлүүлээд аялал жуулчлалын менежментээр нэг хэсэг сурч байгаад орхисон. Би шивээс хийж сурахыг их хүсдэг. Тэгээд сая наашаа ирэхийн өмнө шивээс хийхэд суралцаж байсан. Хэрвээ тэмцээндээ амжилттай оролцоод гран при шагнал хүртвэл UBS телевизээс урлагийн чиглэлээр сургуульд сургадаг юм билээ. Тиймээс энэ шагналыг авахыг хичээж байна.

-Өмнө нь Солонгост тайзан дээр дуулж байв уу?

-Үгүй, Монголдоо ирээд анх удаа тайзан дээр гарч байгаа нь энэ.

-Анх яагаад урлагт дурлах болов. Хэн нэгний нөлөө байсан уу?

-13 настай баихдаа анх реппэр Тэшаг сонсч байсан. Тэр үеэс л реп, К&В дуу сонсох дуртай, өөрөө ч дуулах сонирхолтой болсон. Тэша их өвөрмөц хоолойтой дуучин учраас надад таалагдсан. Түүнээс хойш гурван жилийн дараа найзуудтайгаа караокед энэ дууг дуулсан юм. Тэгэхэд манай найзууд гайхаж “Чи их гоё дуулдаг юм байна шүү дээ. Чадаж байна. Ямар лаг юм бэ” гэхэд нь их урам авч билээ. Түүнээс хойш дуулах хүсэл бүр их нэмэгдсэн. Тэгээд л “Universe best songs” наадамд хоёр дахиа орж байгаа минь энэ.

-Энд ирээд чамгүй удлаа. Монгол, солонгос залуусын харилцааны соёл, биеэ авч яваа байдал хэр зөрүүтэй байна вэ?

-Манай монгол залуусын дийлэнх нь харилцааны соёлтой. Гэхдээ хүн бүр өөр л дөө. Бүдүүлэг залуус ч олон байдаг. Харин солонгосчуудын хувьд бусдыг хүндэтгэдэг ч их муу санаатай. Гаднаа хэзээ ч муу санаагаа ил гаргадаггүй, хэнтэй ч харилцсан инээж, хүндэлж байгаа царай гаргана.

-”Universe best songs” наадамтай адилхан Солонгост сайн дуучин төрүүлэх зорилготой тэмцээн хэр олон болдог вэ. Тийм тэмцээнд оролцох боломж гарч байв уу?

-Солонгост дуучин, бүжигчин төрүүлэх зорилготой гурван том наадам зохион байгуулдаг. Хамгийн цар хүрээ ихтэй нь “Super star key”. Энэ тэмцээнд ойролцоогоор 45 мянган хүн жил бүр оролцдог юм билээ. Миний хувьд энэ тэмцээнд оролцох боломж байсан ч хараахан бэлэн биш гэдгээ мэдэрсэн болохоор хойш нь тавьсан. Тэр олон хүний дундаас шалгарч гарна гэдэг их хэцүү. Илүү мэргэшиж байж орсон нь дээр санагддаг.

-Солонгосын уран бүтээлчдээс сурч, туршлага болгон авсан зүйл бий юу?

-Ер нь ажиглаж байхад урлагийн хүн болъё, дэлхийд нэрээ гаргах чадалтай уран бүтээлч болъё гэвэл юуны өмнө сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй санагддаг. Тэнд охид, хөвгүүдийг бүр багаас нь сургадаг. Тэгэхэд зарим охид нь амиа хорлосон тохиолдол олон гарч байсан. Янз бүрийн дарамт шахалт ирэх, эсвэл баян ивээн тэтгэгчид нь нөгөө жаахан охидоо өвөртөө оруулах гэж оролдох зэрэг бэрхшээл гарч үүнээс болж амиа хорлосон охин олон байдаг юм билээ. Тиймээс аль болох сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэйг ойлгосон.

-Нээрээ Солонгост хэр олон найз нөхөдтэй вэ?

-Надад солонгос найз ганц ч байхгүй. Би ихэнхдээ монгол хүүхдүүдтэй л найзалдаг. Солонгосчууд их дээрэлхүү. Үүнийг 10 жилийн сургуульд сурч байхдаа их мэдэрсэн. Байхгүй хооронд сандал эвдэлж, хувцас урчихсан байх жишээтэй. Бас мөнгө нэхэж зодно. Миний хувьд 13 настай байхдаа ахлах ангийн охидод зодуулж 30 мянган төгрөгөө дээрэмдүүлж байсан. Ариун цэврийн өрөөнд дагуулж ороод гэдэс рүү маш чанга жийж, өшиглөсөн.

-Ангийн багшдаа хэлбэл байдал дээрдэх үү?

-Үгүй, багшдаа хэлбэл бүр өдөр болгон зодож, дарамталдаг. Би сүүлдээ дээрэлхүүлэхгүйн тулд зарим хүүхэдтэй нь зодолдож байсан. Хэрвээ тэгэхгүй бол улам л дарамтлаад байдаг юм билээ. Ер нь гадаад сурагчидтай тийм ч эелдэг харилцдаггүй юм билээ.

-Цаашдаа Солонгост үргэлжлүүлж сурах уу?

-Урлагийн чиглэлээр дагнаж сурах бодолтой байгаа. Гэхдээ одоогоор нарийн төлөвлөсөн зүйл алга байна.

-Тэмцээнээ дуусгаад Солонгос руу буцаж явах уу?

-Тийм ээ, тэнд ээж, аав гээд гэр бүлийнхэн маань байгаа учраас заавал буцаж явна. Гэхдээ удахгүй эргэж ирэх байх аа. Тэгээд л уран бүтээл хийх болов уу.

-Тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье?

-Баярлалаа.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж