Уг гарлыг нь хөөвөл Хөх нуурын монгол хүн болох Ажиа Ренбүүчи улс төрийн шалтгаанаар эх нутгаасаа дайжин өдгөө АНУ дахь Түвд, Монгол шашин, соёлын төвийн тэргүүнээр ажиллаж байгаа билээ. Далай лам Ажиа гэгээнтнийг АНУ-ын Индиана мужийн Блүүмингтонд байгаа буддын сүмийг тэргүүлээч гэсэн саналыг тавьсан гэдэг. Буддын шашны томоохон төлөөлөгчдийн нэг болох Ажиа Ренбүүчи хэлэхдээ “Монголд хүүхдийн эмнэлэг барьж буй төсөл нь шашинтай шууд холбогдолтой биш юм. Бусдад, хүүхдүүдэд буян хийх үүднээс төрсөн олон сайхан сэтгэлт хүмүүсийн санаачилга юм шүү” гэдгийг хэвлэлийн бага хурлын эхэнд онцолж байсан.
Ажиа Гэгээнтэн: Яармагт эмнэлэг барих хүсэл эрмэлзэл минь хэвээрээ
Вашингтон хотноо Монголоос ирсэн 18 сэтгүүлч хэвлэлийн бага хурлыг нээж асуулт тавьснаар энэхүү уулзалт эхэлсэн.
-Та юуны өмнө Монголд хүүхдийн эмнэлэг барих санаачилга яагаад төрөх болсон тухайгаа ярихгүй юу?
Ажиа гэгээнтэн: Би Хөх нуурын монгол хүн. Утаа гүмбэн хийдэд хамба ламаар ажиллаж байсан. 1998 онд улс төрийн шалтгаанаар цагаачилж АНУ-д ирсэн. Би 2006 онд Монголд айлчилж очихдоо Монголыг ахуй нөхцөл байдалтай танилцаж өнчин хүүхдийн газраар орох гэх мэтээр явсан юм. Монголын сайхан, саар амьдралыг хараад тухайн үед гэр оронгүй хүмүүст хэрэндээ бага шиг буян хийгээд буцсан. Миний шавь нар АНУ, Тайвань, Хонгконг, Япон, Монгол Улс гэх мэт олон оронд байдаг. Шавь нартайгаа ярилцаж байгаад орон гэргүй хүмүүст тусламж хүргэх нь нэг удаагийн буян болох хэрэг. Үүнээс илүүтэй олонд, хойшид үлдэцтэй буян хийе гээд хүүхдийн эмнэлэг барихаар ярилцаж тохиролцсон. Би бол бурхны шашин шүтдэг. Буддын шашин зовлонг хэрхэн арилгах уу, хүн хэрхэн өөрөө аж жаргалтай байх уу гэдгийг гол номлолоо болгодог шашин юм. Шашны энэхүү номлолоос үүдэлтэй санаачилга маань эмнэлэг барих болсонтой маань шууд холбоотой байх. Гэхдээ шашны гэхээсээ илүүтэй хүмүүст, хүүхдүүдэд буян, тус хийе гэсэн сэтгэлтэй маань илүү ойртоно.
-Яармагт анхлан нэгдсэн том эмнэлэг барих санаачилга дуулдаж байсан гэсэн?
Ажиа гэгээнтэн: Улаанбаатар хотын Баатарзоригт, Эрүүл мэндийн сайд байсан Ламбаа нарын Монголын Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж ярилцаж байсан. Тэд ч дэмжсэн. Ингээд Яармагт эмнэлэг барих газрыг нь шийдвэрлээд өгсөн. Миний Япон дахь шавь нар болох Засгийн газрын албаны хүмүүстэй ярилцаж Монгол, Японы найрамдлын эмнэлэг гэсэн нэртэйгээр барих төслийг хэрэгжүүлэх тухай яриа байсан. Тухайн үед газрын асуудлыг шийдвэрлэсэн ч дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байсан. Эрүүл мэндийн сайд Ламбаа хүүхдийн эмнэлэг барих хэрэгтэй байгаа талаар санаа зовнингуй ярьж байсны дагуу Монголын Эх нялхасын эмнэлгийн дэргэд хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулахаар болсон. Гэхдээ Яармагт эмнэлэг баригдах төсөл эргээд яригдана байх аа. Тэнд нэгдсэн эмнэлэг барих хүсэл эрмэлзэл минь хэвээрээ. Монголчууд өвдвөл заавал гадаад явж эмчлүүлэлгүйгээр эх орондоо сайн эмчилгээ хүртдэг бол сайхансан гэж бодож байна. Би энэ долдугаар сард Монголд очихоороо албаны хүмүүстэй энэ асуудлаар дахин уулзаж ярилцана аа. Одоо бол Эх нялхасын дэргэдэх хүүхдийн эмнэлгийг барихад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
-Эмнэлэг барих ажил ямар шатандаа явна вэ. Эмнэлэг барих хөрөнгө мөнгийг хаанаас шийдэж байна вэ?
Ажиа гэгээнтэн: Өнгөрсөн жил хоёр давхрыг нь босгосон. Одоо барилгын ажил үргэлжлээд явж байна. Эмнэлгийн барилга хандиваар эхэлсэн. Миний олон шавь, найз нар маань, дэлхийн монголчуудын холбоо, америк дахь монголчууд хандив өгөөд барьж байна. Төлөвлөснөөр дороо гарааштай, дээрээ зургаан давхар, орой дээр нь монгол гэр нийтдээ найман давхар барилга барихад лав хоёр сая ам.доллар орчим орохоор байгаа. Барилгын ажлыг гэхэд миний шавь нар ажиллаж буй барилгачдын хөлсийг нь өөрөөсөө гаргах мэтээр сайхан сэтгэл дор явагдаж байна. Өнгөрсөн жил эндээс 300 мянган ам.доллар явуулсан. Энэ жил бас мөнгө төвлөрсөн. Би энэ зургадугаар сард Япон явна. Тэнд хандивын уулзалт зохион байгуулна. Дараа нь Тайвань руу явна. Вашингтон дахь монголчууд хандивын арга хэмжээ зохион байгуулж байна. Монголын Улсын төсвөөс 500 сая төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулах тухай санаачилга дуулдсан байгаа. Би энэ зун Монголд очихдоо энэ тухай лавлана.
-Таны сайхан сэтгэлийн санаачилгаар баригдаж буй эмнэлгийг Монголын талаас Засгийн газар, ямар албаныхан хариуцаж байгаа бол?
Ажиа гэгээнтэн: Одоогоор миний шавь болох барьж буй компани, хандив өгч буй хүмүүс байна. Монголын Засгийн газар, албаны хүмүүс дэмжиж байгаа гэж ойлгож байна.
-Энэхүү эмнэлэг ямар төрлийн хавдрын эмнэлэг байх вэ?
Ажиа гэгээнтэн: Олон тохиолддог гэдгээрээ цусны хавдрын эмнэлэг тал руугаа байна. Эх нялхасын эмнэлгийн дэргэд түшиглэж байгаа болохоор тэднийх сайн мэднэ дээ.
-АНУ-д хандивын уулзалт хийж байна. Та Монголд очихдоо уулзалт хийх үү?
Ажиа гэгээнтэн: Их хэмжээний хандив биш ч гэлээ 2009 оноос эхлээд тодорхой хэмжээний мөнгөн хандив өгч буй хүмүүс Монголд бий. Би нэг ном бичсэн юм. (Цагийг бэлгэдэгч наран чөлөө) Монгол хэлээр орчуулагдсан. Энэ номны мөнгө хандивт орж байгаа. Англи хэлээр бас гарсан. Ном зарагдсан мөнгөө эмнэлэгт хандивлаж байна. Би лам хүн. Надад хандив өргөж буй шавь нарынхаа мөнгийг бас явуулж байгаа. Дэлхийн монголчуудын холбоодтой хамтран ажиллаж байгаа. АНУ, Япон, Тайвань, Хонгконг дахь шавь нартаа хандив өгөх үү гэсэн хүсэлтийг илгээхэд нааштай сайхан хариу өгч байгаад баяртай байна.
-Монголд байгаа буддын шашны хүмүүс түвдээр ном унших төдий буян хийж байгаа тухай та ярьж байсан. Шашны төв байгууллагуудтай хэр харилцаа холбоотой байдаг вэ?
Ажиа гэгээнтэн: Буддын номлолыг түвд хэлээр уншдаг болохоор олон нийтэд хүртээл муутай, хэрэв монголоор орчуулагдах аваас утгыг нь ухаж мэдмээр байна гэсэн хандлага байдаг шиг байна лээ. Миний хувьд сүм, шашны хүмүүстэй холбоотой ажилладаг. Өнгөрсөн жил бага хурлын үеэр зарим настай лам нар буддын шашны төвөөс илүүтэй өөр шашны байгууллагуудын тоо ихэсч байгаад ихэд санаа зовнингуй байдаг тухай ярьж байгааг сонссон. Ер нь хүн ямар ч шашныг шүтэх нь онцын чухал биш. Чухам хүний төлөө сайн сайхан зүйл хийх, буян хийхэд шашин хамаагүй. Эмнэлэг барих болсон минь ч шашинтай шууд хамааралгүй. Өвчин, зовлон ямар ч шашинтай хэнийг ч тойрохоо хүрвэл тойрдог нь ертөнцийн жам. Хүн ямар ч шашинг шүтэж болно. Гагцхүү орчлон хорвоод хүнд тустай, буян хийж байх нь хорвоогийн сайн буян юм даа. Эмнэлэг барьж буй нь олон нийтэд зориулсан буян хийе л гэж зорьсон хэрэг.
Ажиа Гэгээнтний шавь нарын нэг болох Вашингтонд амьдардаг “Pyramid granite” чулууны үйлдвэрийн эзэн М.Дэлгэрцогт багшийнхаа тухай нэмж хэдэн зүйл хэлсэн юм. “Би энд амьдраад 15 жил болж байна. Монголд хүүхдийн эмнэлэг барих хандивын сайн дурын арга хэмжээг америк дахь монголчууд маань маш их дэмжиж байна. Вашингтон гэлтгүй өөр хотоос ч гэсэн монголчууд холбогдож мөнгөн хандив явуулж байна. Бид аль болох ахиу мөнгө босгож монгол руугаа явуулах гэж зорьж байна. Ажиа Гэгээнтэн бол маш олон төсөл хэрэгжүүлдэг. Буян хийдэг номын хүн. Гэхдээ Монголд хийж байгаа шиг төсөв өндөртэй, эмнэлэг барьж байгаагүй. Гэгээнтний сайхан сэтгэлийн арга хэмжээг Монголд байгаа монголчууд маань дэмжиж байгаад баяртай байна” хэмээсэн юм.
Зургаан настай охин цуглуулсан зоосон мөнгөө хандивлав
Ажиа гэгээнтэнтэй уулзсан хэвлэлийн бага хурлын маргааш өдөр нь “Цусны эмгэг, хавдартай хүүхдийн эмнэлэг” нэртэй хандивын уулзалтыг Вашингтон дахь монголчууд зохион байгуулсан юм. Уг уулзалтыг тус хотын Монгол Соёлын төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ багш хөтлөн явуулсан. МУБИС-ийн багш М.Саруул-Эрдэнэ бол Төрийн Департаментын гадаад харилцааны дээд сургуульд багшаар ажилладаг, мөн Конгрессийн номын санд ажиллаж байгаа бөгөөд монгол хэл, соёлыг гадаадад түгээж буй эрдэмтдийн нэг. Америк дахь монголчууд Эх нялхасын дэргэд баригдаж буй эмнэлэгт хандив хүргэхээр олноороо цуглажээ. 50 ам.долларын “такс”-тай үдшийг зорин олон олон монголчууд ирж буйг хараад тэднээр бахархах сэтгэл төрсөн.
Их хөлийн хотод цагийн хэмжээсэнд хүлэгдэж байдаг монголчууд мөнгөө бариад, цаг заваа гаргаад сайхан сэтгэл өвөрлөн ирцгээжээ. Итали гутлын дэлгүүр ажиллуулдаг “Монита” дэлгүүрийн эзэд бүтээгдэхүүндээ үнийн хөнгөлөлт өгч Монгол дахь эмнэлгийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол америк монголын хооронд ачаа тээвэрлэдэг хоёр ч компани хандивын арга хэмжээнд оролцов. Сэтгүүлч найз маань монгол руу нэг хайрцаг карго явуулчихъя, хандив болог гээд 42 ам.доллар тушааж буй ч харагдав. Аливаа нэгэн тусыг хүргэе гэвэл сайхан сэтгэл багаддаггүй ажээ. Америк дахь монголчууд маань эрвийх дэрвийхээрээ мөнгөн хандивыг босгож чадсан юм. Монгол хүүхдүүдийн зурсан зургийн худалдаа 50 центнээс эхэлсэн ч харагдана. Зургаан настай Энхбаярын Эгшиглэн гэх охин цуглуулсан зоосон мөнгөө Ажиа гэгээнтэнд гардуулан өгсөн юм. Э.Эгшиглэн охин олон хоног цуглуулсан зоосон мөнгөөрөө гоё тоглоом авъя гэж байсан боловч өөр шиг нь жаахан хүүхдүүд өвдөж буй гэдгийг дуулаад ээждээ “Би энэ мөнгийг өвдсөн хүүхдүүдэд өгмөөр байна” гэж хэлж. Сайхан сэтгэлд тус багаддаггүй гэдэг билээ. Бүжигчин нэгэн багш бүсгүй сургалт явуулдаг бөгөөд хичээлд оролцох хүмүүсийг бүртгүүлээрэй, энэ мөнгийг би хандив буян болно гэж хүүхдийн эмнэлэг рүү явуулах юм шүү гэж ярина. Америк дахь “UMON” телевизийн захирал Б.Уранчимэг (МҮОНРТ-ийн сэтгүүлч асан) нэвтрүүлгээ бэлдээд завгүй гүйж яваа харагдана.
Зураач, арьсан урлалч Д.Цолмонгийн урласан зургийн дуудлага худалдаа явагдав. Монголчууд зурсан зураачийн чадварыг үнэлэхийн зэрэгцээ худалдаж авсан мөнгө Монголын хүүхдийн эмнэлэгт хандив болно гэдэг утгаараа идэвхтэй оролцсон тул дуудлага худалдаа нэлээн өрсөлдөөнтэй болов. Ингээд Д.Цолмон зураачийн зураг 1700 ам.доллараар зарагдсан бөгөөд шинэ байранд орсон монгол бүсгүй ихэд баяртайгаар уг зургийн эзэн болсон юм. Вашингтон дахь чулууны үйлдвэрийн эзэн залууг 5000 ам.долларыг хандивлаж буй гэдгийг тайзан дээрээс зарлаж байсан төдийгүй өөр хотуудаас ч хандив ирж буй таатай сайхан мэдээ үргэлжилсээр. “Цусны эмгэг, хавдартай хүүхдийн эмнэлэг” нэртэй хандивын өдөрлөг зүрхэн тушаа цохилох зүрхээ чагнан эх орноо санагалзсан халуун сэтгэлт монголчуудын “Халуун элгэн нутаг” дуугаар өндөрлөсөн юм.
Монголд шинээр баригдаж буй хүүхдийн хавдрын эмнэлэгт хандив өргөх арга хэмжээ ирэх зургадугаар сард АНУ-ын Сан Франциско хотод үргэлжлэх талаар тус хотын Монгол соёлын төвийн ажилтан Д.Цэрэндорж гуайтай уулзахад хэлж байсныг нь дурдахад таатай байна.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин.
