
Их цэвэрлэгээний үеэр анхаарах зүйлүүд байсныг дурьдсан. 3 хоногийн дотор хотын хур хог хогийн цэг рүү явж амжсангүй. Хагас дутуу хогтой үлдсэн газрууд ч бий. ХУД-т гэхэд Шувуун фабрик, Өлзийт хороолол, Биокомбинат, БЗД-т Хужирбулан, Шархад, 5,19 хорооны жалга, СХД-т Сонсголон, баруун, зүүн салаа гээд тоочвол төвийн 6 дүүрэгт цэвэрлэж амжаагүй үлдсэн хог байна. Иймд үлдсэн газруудыг энэ 7 хоногт багтаан цэвэрлэхийг дүүргүүдэд анхаарууллаа. Хотын дарга энэ мэдээллийн дараа 4,5 сарууд бол гэр хороололд ажиллах сар байх болно гэдгийг харьяа газрын удирдлагуудад ахин анхааруулав. Ингээд нэр бүхий дүүргийн удирдлагуудаас их цэвэрлэгээтэй холбоотой тодруулга хийхийг хүслээ. ХУД-ийн засаг даргын орлогч Л. Үнэнбат хэлэхдээ 1074 метр кв талбайд 1032 куб метр хог цэвэрлэсэн гэлээ. Одоо тус дүүрэгт 5 хороо буюу 9,10, 11, 12,13 гэсэн алслагдсан хороодод их цэвэрлэгээ хийгдээгүй байна. Өнөөдрөөс эдгээр хороонд цэвэрлэгээний ажил эхэлнэ. Зарим хорооны дарга нар бүх нийтийн энэхүү ажилд хариуцлагагүй хандсан. Тэдгээр хүмүүст арга хэмжээ авах болно гэв. СХД-ийн тухайд их цэвэрлэгээний ажлын гол хүчээ нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжийг цэвэрлэхэд зориулжээ. Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн оюутнууд эл арга хэмжээнд маш сайн оролцсон. Харин иргэд, аж ахуйн нэгж байгуулага хойрго хөшүүн хандсан гэж хэлж байв. Тус дүүрэг цэвэрлэгээний үеэр 1545 тн хогноос салж, Улаанчулуутын хогийн цэг рүү хогны машинууд 309 удаа рейс хийсэн гэнэ. БЗД ийн Засаг дарга Б. Батзориг: Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу амралтын өдрүүдэд ажиллалаа. 28 хорооны 1600 аж ахуйн нэгж, 6128 иргэн, ЕБС-ийн 14 сургуулийн 588 албан хаагч, 11 их дээд сургуулийн 402 оюутан, 21 цэцэрлэгийн 307 багш туслах ажилтнууд, Цагдаагийн академийн 154 сонсогч дүүргээ хогноос салгах ажилд оролцлоо гэж мэдээлэв. Хүн ам нэмэгдэхийн хирээр хог нэмэгдэж буй нь энэ жилийн их цэвэрлэгээний үеэр харагдлаа. Цаашдаа хогны машины тоо, парк шинэчлэлтийн асуудал урган гарч буйг хэлэв. Дүүргийн удирдлагууд их цэвэрлэгээний талаар ийнхүү мэдээлэл өгсний дараа хотын дарга энэхүү мэдээллийг базаж үг хэллээ.
Юуны урьдаар тэрбээр 4-р цахилгаан станцын хамт олонд талархал илэрхийллээ. 4-р цахилгаан станцынхан маш их ажилтай байдаг улсууд. Гэсэн хэдий боловч хотын иргэдийн цэвэр цэмцгэр амьдралын төлөө амралтын ганц өдрөө харамгүй зориуллаа. Ингэхдээ хотоо хогноос салгахад гар бие оролцьё гэсэн саналыг хотын удирдлагуудад өөрсдөө тавьсан нь сайшаах зүйл мөн. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бусад бүх байгуулагад санаа авахуйц сайхан ажлыг тэд хийлээ. Гэтэл хотоос газар авах болохоороо өөриймсдөг, ажил хийх болохоор хүнийрхэдэг байгуулагууд ч бас байна. Тухайлбал барилгын салбарынхан хаачив. Усанд хаясан чулуу шиг таг чиг болсон. Цаашдаа ингэж хандаж хэрхэвч таарахгүй ээ нөхдөө. Иргэд рүү, иргэдийн эрүүл мэнд рүү чиглэсэн ажилд гар, сэтгэлээ нийлүүлэх учиртайг анхарууллаа. Энэ үеэрээ сүүлийн үед олон нийтийн дүргүйцлийг хүргэсэн барилга байшин барихтай холбоотой асуудалд Хотын дарга байр сууриа илэрхийлэв. Хот хөгжих ёстой. Байшин сав баригдах ч учиртай. Гагцхүү харанхуй шөнө, эзэнгүй юм шиг аашилдгаа болих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аливаа нэг аж ахуйн нэгжийн бизнес, эдийн засгийн үр ашгаас илүү иргэдийн аюулгүй байдлыг хот чухалчлан үзнэ. Иргэдэд ойлгуулаагүй, иргэдийн санал бодлыг аваагүй бол хотын зүгээс дэмжлэг үзүүлэхгүй. Мянган зөвшөөрлийн бичиг байгаад ч үйлчлэхгүй гэж эрсхэн хэллээ. Эцэст нь бүх ажил нэг гарцаар үр дүнд хүрнэ гэж Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр онцоллоо.
Усан бассейны ажлын зургийг захиалагчид
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал дээр харьяа газрын дарга удирдлагууд хийж буй ажлаа танилцуулдаг уламжлал тогтож байна. Одоо бодох биш хийх цаг эхэлсэн болохоор Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн захирал С.Цахиураас тайлан тавих ажил эхлэв. Зураг төслийн хүрээлэнгийнхэн усан бассейн, хонгилын системийн ажлыг захиалагчдад өгсний зэрэгцээ улсын экпертизэд өгчээ. Авто замын ажлуудын зураг дууссан. Одоо Газрын алба болон Замын цагдаагийн газраас санал авна гэж байв. Авто замын газрын дарга Д. Од энэ жил хийгдэх зам засварын ажлуудаас танилцууллаа. Одоогийн байдлаар 7 ажил эхэлжээ. Авто замын хувьд цаг их авдаг хамгийн чухал ажил болох шугам сүлжээ шилжүүлэх, замын өргөтгөлийн ажил хийгдэж буйг тэрбээр хэлж байна. Орон сууцны хороолол доторхи замуудыг засах ажил ч эхэлж хөрөө тавих ажил явагдаж байна гэж танилцууллаа. Нийслэлийн хөдөө аж ахуйн газрын дарга Р. Зоригт хаврын тариалалтын явцаас мэдээлэл өгөв. Энэ жил Таширын аманд 300, Хонхорт 90 га-д тариалалт хийнэ. 10 худаг ухах шаардлага бий. Цаашилбал тог татах шаардлагатай. Энд 800 хүний ажлын байр бий болно. Түүнчлэн 2000 өрхийг төмс хүнсний ногоо тариулах чиглэлээл салбарын яамтай хамтарч ажиллана гэлээ. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани авто замын газартай хамтран ажиллаж буйгаа тайлагналаа. Ажлаа уялдуулснаар зам зассаны дараа дахин нүх ухаж хотын иргэдэд төвөг удахгүй гэж амалж байна. Хотын дарга ч энэ мэдээллийг сонсох үеэрээ шугам сүлжээ солих ажлаа замын ажилтайгаа цугтаа хийгээд явахыг анхааруулсан. Дулааны шугам сүлжээнийнхэн 2 сард холбогдох байгуулагуудтай график батласан. Тэр дагуу ажиллаж байна гэж танилцуулав. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч. Бат нийтийн тээврийн үйлчилгээнд ахиц овоо гарч байна гэлээ. Автобуснуудын цэвэрлэгээ, өнгө үзэмж дээрдэж кондукторуудын дунд ёс зүйн хичээл орж буй гэв. Нийтийн тээврийн соёлын шалгалтанд том оврын автобусны үйлчилгээ эрхэлж байгаа 26 аж ахуй нэгж хамрагджээ. Энэ бүх мэдээллийг сонсоод Хотын дарга хэлэхдээ бүх юм тодорхой, ойлгомжтой байх учиртай. Хотоор шийдвэр гаргуулчихаад ажил хийдэггүй цалгардуулдаггүй байж болохгүй. Та бүхний ажилд ажилд амжилт хүсье хэмээснээр удирдах ажилтны ээлжит шуурхай өндөрлөв.