Биологийн төрөл зүйлийг хамгаалах өдөр

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Биологийн төрөл зүйлийг хамгаалах өдөр

Дэлхийн улс орнууд өнөөдөр биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэж буйг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссоос мэдээллээ. Ийнхүү жил бүрийн тавдугаар сарын 22-ны өдрийг биологийн төрөл зүлийг хамгаалах олон улсын өдрөөр тэмдэглэх болсон нь энэ чиглэлээрх Олон улсын хамтын ажиллагааг сайжруулах мөн байгалийн унаган төрх, биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалж үлдэх нь хүн төрөлхтний оршин тогтнолд нэн чухал гэдгийг олон нийтэд ойлгуулах, сурталчлан таниулах зорилготой ажээ. Уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Бокова гишүүн орнууддаа илгээлт ирүүлжээ. Тэрээр илгээлтдээ усны сэдвийг биологийн төрөл зүйлтэй уялдуулан холбож үзэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглээд энэ дэлхий дээрхи амьд амьтан ургамал усгүйгээр амьдрах боломжгүй хэмээн дурджээ. Түүнчлэн ус нь биологийн төрөл зүйлийг хадгалан үлдээхэд амин чухал гэдгийг сануулж усаа хайрлан гамнаж, усны менежментийг сайжруулахын тулд дэлхий даяар хамтран ажиллахыг уриалсан байна.

Хүн төрөлхтөн бид амьдралаа биологийн төрөл зүйлгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин болон агаарын бохирдол, байгалийн баялгийн зохисгүй хэрэглээ зэрэг нь биологийн төрөл зүйлийг устан үгүй болоход гол нөлөөг үзүүлдэг байна. Манай улсад ховор амьтан, ургамлын зохисгүй агналт ашиглалт, хууль бус үйлдэл зэрэг асуудлаас болж цөлжилт хүрээгээ тэлсээр. Тиймээс бидэнд экосистемийн хэвийн үйл ажиллагааг хадгалахад чиглэсэн хэрэглээ болон эдийн засаг, нийгмийн зөв бодлогыг эрхэмлэх, устаж үгүй болоход хүрээд байгаа амьтан ургамлыг нөхөн сэргээх болон байгалийн гоо үзэмжийг цогцоор нь хойч үедээ хадгалан үлдээх зорилт тулгарч байгаа тухай албаныхан онцоллоо.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж