В.Путин ба “Роснефть”-ийн хувьчлал

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

В.Путин ба “Роснефть”-ийн хувьчлал

В.Путины төлөвлөгөөний нэг хэсэг нь “Роснефть”-ийн хувьчлал

Оросын төр том компаниудаа хувьчилж эхэлсэн. Гэхдээ яг ч бүгдийг нь биш. Төрийн мэдэлд байдаг хувьцаагаа бууруулж байгаа юм. Дмитрий Медведев ОХУ-ын Ерөнхийлөгч байх үедээ 2010 оны арванхоёрдугаар сар энэ тухай шийдвэрийг анх гаргаж, Засгийн газартаа үүрэг болгож байлаа. Ийм хувьчлалын ачаар Оросын төсөвт олон тэрбум рублийн орлого оруулахаас гадна төрийн мэдлийн компаниуд алдагдалтай ажиллахаа болих гол үндэс нь болж магадгүй гэж тооцжээ. Д.Медведев өнгөрсөн оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхий сайд болсныхоо дараа энэ ажлыг бүхэлд нь хариуцаж авсан юм. Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ тэрбээр “Хувьчлалын явцыг үргэлжлүүлэх нь манай улсын хувьд амин чухал алхам болоод байна” хэмээн ярьсан байна. Оросын төр эдийн засгаа бүхэлд нь хянах нь яавч эрүүл үзэгдэл биш гэж тэрбээр үзжээ. Ийнхүү Оросын Засгийн газар эрчим хүчнээс эхлээд газар тариалан, банк, тээврийн салбарын олон том компаниудынхаа төрийн мэдлийн хувьцааг худалдах төлөвлөгөө боловсруулсан юм. Д.Медведевийн саналыг Владимир Путин ч дэмжиж байгаа. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хувьчлалын явцыг хурдасгана гэжээ.

Хувьчлах компанийн жагсаал­тын тэргүүн эгнээд “Роснефть” орж байна. Саяхан Д.Медведев “Риа Новости”-д өгсөн ярилцлагадаа “Роснефть”-ийн хувьцаан дахь төрийн эзэмшлийн хувийг 51 болгож бууруулна” гэжээ. Угаасаа Үндсэн хуулинд нь төрийн мэдэлд 50-аас дээш хувь нь байгаа компани Оросын нутаг дэвсгэр дээр газрын тос олборлох эрхтэй гээд заачихсан байгаа юм. Тиймээс газрын тосны гигант компанийнхаа хувьцааны тал хувийг худалдахгүй гэсэн үг. Оросын Эдийн засгийн хөгжлийн яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард “Роснефть”-ийн хувьчлалыг хэрхэн явуулах тухай төлөвлөгөө боловсруулсан. Түүнд нь энэ ондоо багтааж 19 хувийг нь худалдах тухай заажээ. Одоогоор Оросын төрийн мэдлийн “Роснефтьгаз” компани “Роснефть”-ийн хувьцааны 69.5 хувийг эзэмшиж байгаа билээ. Харин Их Британийн “Бритиш Петролиум” 19.75 хувийг нь эзэмшиж байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сард “Роснефть”-ийн хувьцааны 5.66 хувийг “TNK-BP”-д нэмж худалдах хэлэлцээр явагдсан юм.

Одоогоос 10 жилийн өмнө Оросын толгой бизнесмэнүүдийн нэг Михайл Ходорковскийг мөнгө угаасан хэрэгт буруутгаж, шоронд хорьсны дараа түүний мэдлийн “ЮКОС” компанийг “Роснефть”-ийн эзэмшилд оруулж байв. Тэр үеэс тус компани Оросын газрын тос, байгалийн хийн зах зээлд байр сууриа олжээ. Гэвч өнгөрсөн онд “Роснефть” компани маш их зээл авсан. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурснаас болж тус компанийн ашиг буурсан байна. Тиймээс тэрбум, тэрбумаар тоологдох зээл авсан ч түүнийгээ төлөх чадваргүй болж эрсдэлд орсон хэмээн гадны хэвлэлүүд нэг хэсэг бичиж байсан юм. Харин хувьцааг нь худалдаж, хувьчилсны ачаар 427 тэрбум рубль буюу 13.5 тэрбум ам.долларын орлого олно гэж Кремлийн эрх баригчид тооцжээ. Гэхдээ “Moscow Times” сонинд бичсэнээр бол “Роснефть”-ийн хувьцааг худалдах явц нэлээд удааширч байгаа гэнэ. Энэхүү хувьчлалын явцад таагүй хандаж байгаа хүмүүсийн нэг нь “Роснефть”-ийн тэргүүн Игор Сечин юм.

Өнгөрсөн хавар Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин Орост айлчилсан. Тэр үеэр Оросын газрын тос, байгалийн хийн томоохон компаниуд Хятадын зах зээл рүү бүтээгдэхүүний экспортлох сонирхлоо илэрхийлсэн. Тэр дунд “Роснефть” ч багтсан юм. Игор Сечин компанийнхаа ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд Бээжинд хүртэл очиж, байгалийн хийн хэлэлцээр байгуулахаар хөөцөлдсөн билээ. Тэрбээр Оросын Алс Дорнод дахь Сахалины арлын орд газруудаас олборлолт хийхдээ Хятадын компаниудтай хамтрах хүсэлт тавьж байв. Түүний хувьд Д.Медведевийн дэмжлэгийг авч, хятадуудтай түншлэхээр зэхэж байгаа “Газпром”-ынхноос өрсөхийг хичээж байлаа. “Роснефть”-ийн хувь заяа иймэрхүү байдалтай байна.

Оросын Засгийн газрын хувьчлах төлөвлөгөөнд багтсан өөр нэг газар нь “ВТБ” банк. Тус банкны хувьцааны 10  хувийг 2011 онд худалдсан. Харин энэ жил нэмж 10-25 хувийг нь худалдахаар төлөвлөж байгаа аж. Алмазны “АЛРОСА” компанийн хувьцааны 7-14 хувийг мөн л зарахаар зэхэж байна.

Д.Медведев Ерөнхийлөгч байх үедээ нийт 100 тэрбум ам.долларын хөрөнгийг хувьчилна гэж байв. Харин В.Путин эрчим хүч болон батлан хамгаалахаас бусад салбарт хувьчлалыг дэмжиж байгаа гэх мэдээлэл ч гарчээ. Нэг талаараа энэ бүгд нь төсвийн орлогоо нэмэгдүүлэх зорилгын үндсэн дээр бий болсон санал. Нөгөө талаасаа бол бизнесийн орчноо сайжруулахын тулд ингэж байгаа. “The Economist” сэтгүүлд бичсэнээр бол Дэлхийн банкны судалгаагаар бизнесийн орчин нь сайжирсан гэх дүгнэлт гаргуулахын тулд Оросын эрх баригчид төрийн мэдлийн нэгжүүдээ хувьчилж байгаа аж. Энэ үзүүлэлтээр Орос улс 112 дугаар орж байгаа. В.Путин 2018 он гэхэд эхний 20-д багтах хүсэлтэй байгаа гэнэ. Гэхдээ дипломат төлөөлөгчийн шугамаар солилцсон нууц мэдээллийг ил болгосон “Wikileaks” сайтад Оросын авлигын сүлжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарсан. Тэгэхээр зөвхөн өмч хувьчлалаар асуудлыг шийдэж чадахгүй ч байж мэдэх юм.

Т.ЭЛИСА

Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж