Ингэхэд эрх чөлөө чи хаана байгаа юм бэ? Энэ хэдэн жил бидний амнаас хамгийн ихээр унаж, бидний амьдралыг хамгийн тодоор будаж, бодол санаанд минь бууриа хамгийн томоор зассан эрх чөлөө хаана байна аа? Америкийн нийгмийг өөрчилсөн зохиолч Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийн нээлтийг үзчихээд хөл татарсан, харанхуй гудамжаар би эрх чөлөөгөө хайн алхаллаа.
Зовж зүдрэх эрх чөлөө надад бий бил үү? Үзээд алдах эрх чөлөө бий бил үү? Ямар нэг зүйлийн төлөө ядарч унатлаа ажиллах эрх чөлөө байгаа юү? Хазгай гишгэсэн алхмаа эргэж нэг харчихаад хэнээс ч илүү гашуун үгээр өөрийгөө шавхуурдах эрх чөлөө юу сан билээ? Өөрөө өөрийгөө сүйрүүлж ч мэдэх эрсдэлийг сонгох эрх чөлөө надад бий юү? Өрөөл татанхай болж хүний гарт орсон ч бай миний оюун сэтгэл тэнгэрт яг л шувуу шиг дүүлэн нисэж, тэргэнцэртэй хөөрхий биеэ тэртээ дээрээс олж харах хэрэгтэй. Тэнд л миний эрх чөлөө байгаа.
Хөлсөө дуслуулах ч хэрэггүй, хөлөө өвдтөл гудамжаар алхах ч хэрэггүй, хүсэх мөрөөдөх ч хэрэггүй хэтэрхий бэлэн, хэтэрхий амархан амьдрал хаанахын гяндангаас ч илүү эрх чөлөөний алуурчин. Энэ бол ертөнцийн хамгийн төгс аллага. Ийм алуурчнаар амьдаараа хөнөөлгөсөн хэдэн мянган хүн энэ хорвоо дээр амьд мөртлөө үхсэн юм шиг амьдарч байгаа бол? Бас хэчнээн нь ийм хэрцгий алуурчны нөмрөг нөмөрсөн бол?
Аз болоход миний эрх чөлөөний даль жигүүр бүрэн бүтэн, бүр өд сөд нь гялалзсан эрч хүчтэй байгаа юм байна. Хэтэрхий амар амьдралд хэзээ ч түүнийгээ худалдаж байгаагүй юм байна. Харин тэр хэчнээн кратын очир эрдэнээс ч илүүтэй гялалзан солонгорч байсныг сая мэдлээ. Өнгө өнгөөр гэрлээ цацруулсан солонго шиг туяаг чинь анзаараагүйд уучлаарай. Өөрөөсөө хэзээ ч алдаж, өрөөл бусдын хэтэвчтэй нинжин сэтгэлд худалдаж орхиогүйд минь харин чи намайг магтаарай. Одоо хоёулаа улам өндөр аван дүүлье, миний эрх чөлөө. Баярлалаа, Айн Рэнд.
Б.Цацрал