Ерөнхийлөгчийн сонгуулийн хуанли

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуанли

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшихээр болоод буй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 1.900.487 сонгогч санал өгнө.  Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчдийн баримт, бичгийг хүлээн авч бүртгэх эсэхээ тавдугаар сарын 20-нд шийдвэрлэсэн бөгөөд 22-нд нэр дэвшигчийг үнэмлэхийг албан ёсоор гардуулж, нэр дэвшигч үнэмлэх авсан өдрөөс эхлэн албан ёсны сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх юм. СЕХ-ноос албан ёсоор нэр дэвшигчдийг тавдугаар сарын 23-нд олон нийтэд зарлах хуулийн заалттай.
Өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэд анх удаа сонгуульд санал өгсөн. Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн гадаадад байгаа иргэд санал өгөх бөгөөд санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 29-ний өдөр гадаадад байгаа санал өгөх иргэдийн бүртгэл дуусгавар болно. Үүний дараа буюу зургадугаар сарын 1-ний өдөр аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлж, гадаадад байгаа иргэдийн нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Ингэснээр зургадугаар сарын 9-ний өдрөөс сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байршуулж, сонгогчдод өөрийн бүртгэл буруу эсэхийг шалгах боломж гаргах юм. Хэрэв сонгогчдын бүртгэл байхгүй эсвэл алдаа гарсан тохиолдолд харьяа бүртгэлийн хэлтэст шалгуулах, зөрчлийг арилгуулах боломжийг олгож байгаа юм байна. Хуулийн дагуу санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн дотор салбар комисст саналын хуудсыг хүргүүлж, зургадугаар сарын 14-16-ний хооронд гадаадад байгаа иргэд саналаа өгнө. Харин сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 10 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 16-ний өдрөөр дуусгавар болгож зогсоох заалттай юм байна.

Нэр дэвшигчид 34 хоногийн турш сурталчилгаагаа явуулан санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагт дуусгавар болгох хуулийн дагуу зургадугаар сарын 25-ний өдрийн 00.00 цагт зогсоож, санал авах өдрийн өмнөх өдөр санал очиж өгөх боломжгүй сонгогчдын саналыг зөөврийн хайрцгаар авах юм.

Санал авах өдөр буюу зургадугаар сарын 26-ний өдрийн 07.00-22.00 цагийн хооронд санал авах бөгөөд 22.00 цагт санал хураалтыг албан ёсоор зогсооно. Санал авах ажиллагаа дууссанаас гурав хоногийн дотор хэсгийн хороодын саналыг нэгтгэж, зургадугаар сарын 29-ний өдөр дуусгавар болгоно. Харин аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал хураалтын дүнг СЕХ-нд хоёр хоногийн дотор буюу долдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор мэдээлнэ. СЕХ-оос Монгол Улсын Үндсэн хуулийн 31.4.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс буюу 10 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 26-ний өдөр санал хураалт дуусах бөгөөд 10 хоногийн дараа буюу долдугаар сарын 6-ний өдөр өргөн мэдүүлэх юм.

Хэрэв нэр дэвшигчдийн аль нь сонгогчдоос олонхийн буюу 50 хувийн санал авч чадаагүй бол дахин санал хураалт зохион байгуулна. Хэрэв ээлжит болон ээлжит бус сонгуулийг хүчингүйд тооцсоны дараа шинээр явагдах, түүнчлэн Үндсэн хуулийн 31.6 дахь хэсэгт  зааснаар хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль зохион байгуулахаар хуульчлагджээ.

Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчид гурван нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд МАН, АН, МАХН гэсэн гурван намын дунд “тулаан” үргэлжилнэ. Мөн анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаагаар онцлог сонгууль юм.


Ш.ЧИМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж